Засгийн газраас УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтыг хууль бус гэж үзэн улс өмчдөө авах ажиллагааг явуулж байна. Тиймээс ч “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар холбогдох удирдлагуудыг сүр дуулиантай баривчлан, мэдүүлэг аваад буцаасан. Удаагаар нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлээд ирсэн.
“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан 400 сая ам.доллартай холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн заримыг нууцын зэрэглэлээс гаргаснаа зарлаж, эл худалдан авалтын 72 хувийг төрөөс гаргасан хэмээн ЗГХЭГ-ын дарга тодотгоод байгаа.
Харин “Монголын зэс” корпориацийн зүгээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авахдаа төрөөс нэг ч төгрөг аваагүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Гэхдээ худалдан авалт, санхүүжилтийг асуудлыг хууль хяналтын байгууллага л эцэслэн тогтооно.
Тухайн үеийн Засгийн газрын хуралдаанд оролцсон, “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах гэрээнд гарын үсэг зурсан эрхмүүд байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрдэнэтийн 49 хувийг худалдах асуудлыг ажлын 12 хоногийн дотор шийдвэрлэх албан бичиг ОХУ-аас ирсэн. Тухайн үед энэ хувийг худалдан авах 400 сая ам.доллар төрд байгаагүй. Аж үйлдвэрийн яаманд 90 сая ам.доллар байтугай 9 сая цент ч байгаагүй. Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо авч үлдэх улс төрийн шийдвэр гаргасан зөв. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Бид “Эрдэнэт”-ийг 100 хувь Монголдоо авсан. Харин хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгагдаг болохоос Засгийн газарт хамааралгүй. ” гэдгээ мэдэгдээд байгаа.
Эдүгээ “Монголын зэс” корпорацийн удирдлагууд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хэлэлцээрийн хийх хүсэлт хүргүүлээд байна. Учир нь УИХ-аас “Монголын зэс” корпориацитай хэлцэл хийх үүргийг Засгийн газарт өгөөд байсан. Гэвч хэлцэл хийгдэлгүйгээр цуцалсан маргаанд шүүх дээр Засгийн газар ялагдал хүлээж, “Монголын зэс” корпориацийн 49 хувийн эрхийг сэргээн шийдвэр хоёр жил орчмын өмнө гарсан билээ. Энэ удаад өрнөөд байгаа үйл явдалтай холбогдуулан “Монголын зэс” корпорацийнхан Засгийн газартай хэлэлцээр хийх хүсэлтийг дахин тавьж байгаа нь энэ.
Ерөнхий сайд гадаадад томилолттой яваа хэдий ч “Эрдэнэт”-ийн 49 хувийг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хувийн хэвшлийнхний хүсэлтэд хариу өгөх үүрэгтэй. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бусадтай хэлэлцэх замаар бус бие даан хэрэгжүүлэх өнцгөөс асуудалд ханддаг гэмтэй. УИХ-ын гишүүн байхдаа М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх асуудалд түмний нэр барьж, тулган шаардаж байсан бол эдүгээ төрийн нэр барьж тогтоол, шийдвэрийг биечлэн хэрэгжүүлж байгаагаар үүнийг гэрчилнэ. Мэдээж, Ерөнхий сайдын үүрэг болгосны дагуу.
“Эрдэнэт-“ийн 49 хувиас гадна Худалдаа хөгжлийн банкны, 1992 оноос хойшхи өмч хувьчлалын үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийг ахалж байгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголын зэс” корпориацийн хүсэлтийг хүлээн авч хэлэлцээр хийх үү, түдгэлзэх үү гэдэг хариуг хуулийн хугацаанд өгөх биз.
Н.Энхлэн