ҮАБЗ-ийн гурван гишүүн энэ удаад эв санааны нэгдэлтэй байгааг хэн хүнгүй мэднэ. Ерөнхийлөгч Х.Баттулга У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар сонгогдоогүй байхад нь Ерөнхий сайдаар дэмжин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт “харшил”-тай байсныг эс тооцвол Засгийн газраа 100 хувь парламентаас бүрдүүлэхэд нь хориг тавилгүй боломж олгосон. Одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар У.Хүрэлсүхийн Засгийн газрын “гал тогоо”-г барьж, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг нутаг. Тиймээс ч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулж, дараагийн спикерээр Г.Занданшатарыг сонгогдоход ямар гацаа саад байгаагүй, дэвшсэн. Уг нь М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөхөд орны суудлыг нь санаархаж, сэрүүн зүүдэлсэн эрхмүүд эрх баригч хүчинд нэг бус нэлээд хэд байсан. Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүний нэр хамгийн түрүүнд гарч байсан. Хэрвээ ЖДҮХС-гаас мэдээллийн давуу байдал, албан тушаалаа ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан нь “илрээгүй” байсан бол эдүгээ парламентат засаглалын тэргүүн байхаар нэгэн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг дахин УИХ-ын даргаар томилогдоно гэж бор шувуу ч үнэний ортой. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар спикерийн томилгоог хэлэлцэхэд нэрээ зүтгүүлээд дэмжлэг аваагүй гэж дотроос нь ярьж байна лээ. Уг нь тээр жил “хууль засаагүй” бол УИХ-ын даргын суудлаас нь огцруулах хэмжээнд чуулганы танхим популизмын талбар болоогүй байсан цаг. Тиймээс ч УИХ-ын дараагийн даргаар Ц.Нямдорж гишүүнийг яригдахад “ҮХЦ-ийн дүгнэлтээр УИХ-ын даргаасаа огцорсон хүнийг дахин сонгодоггүй. Хуулиараа хориотой” гэсэн мэдэгдэл хүртэл дагалдсан. Бусад горилогчдын тухайд аль нэг талдаа дэмжлэг авахааргүй байсан бол өнөөдрийн УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд нам, төрийн ивээл дор “ногоон гэрэл”-ээр сонгогдсон гэхэд болно.
УИХ-ын даргаас М.Энхболдыг огцруулсны дараагаар парламентад ч, МАН-д ч эв нэгдлийг тогтооно гэж нэр бүхий зарим эрхмүүд үгээр бус үйлдлээрээ илэрхийлээд байсан. Гэвч өнөөдөр УИХ-д үнэмлэхүй олонхийн суудлыг авсан эрх баригч хүчин МАН эвлэлдэн нэгдэж чадаагүй, хагарал, бутрал үргэлжилж, харин Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын бүрэлдэхүүнтэй ҮАБЗ “эв санааны нэгдэл”-ийг тунхаглаад байна. Тиймээс ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зүгээс ч, Засгийн зүгээс ч, тэр байтугай УИХ-ын гишүүн хүртэл ҮАБЗ-ийн гишүүд дэмжиж байгаа гэж тод, чанга дуугаар хэлж байна. Жишээлэхэд, УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцаан асуудлыг ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж, төр өмчөө буцаан авах зөвлөмжийг санал нэгтэй гаргасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай хамт мафийн эсрэг хатуу тэмцэнэ”, ., ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Нийгмийн өөрчлөлтийг дэмжихийг хүсч байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар байгаад баярлаж байна”, Ерөнхийлөгчин Тамгын газрын дарга З.Энхболд “ҮАБЗ хуралдаж, төр өмчөө буцаан авах зөвлөмж гаргасан” нэгэн дуугаар мэдээлж байна. “Эрдэнэт”-ээр зогсохгүй, цаашдаа ч төрд өмчийг буцаан авах арга хэмжээ үргэлжлэх шинжтэй.
Цаашлаад УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаад байгаа. Ер нь бол намрын чуулган улс төрийн нөхцөл байдлын улмаас 40 гаруй хоног гацаж, зарим хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд хойшлогдсон. Тиймээс ч намрын чуулган хугацаа сунган хуралдах, уу, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах уу гэсэн хүлээлтийг нийгэм харж байлаа. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналыг намрын чуулган завсарласны дараагаар хүргүүлсэн. Гэхдээ хуралдуулах эсэх эрх нь зөвхөн УИХ-ын мэдлийнх байлаа. УИХ-ын даргын тухайд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэдгээ даргын дэргэдэх зөвлөлийн хурлаараа шийдвэрлэснээ мэдэгдсэн. Харин нэгэнтээ зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг одоогоор УИХ-ын дарга захирамжлаагүй байна. Ямартай ч Татварын багц хууль, Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай намрын чуулганаар бүрэн шийдвэрлэгдээгүй хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах нь. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн зүгээс шүүх, прокурор, АТГ-ын даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцүүлэх санал хүргүүлээд байгаа.
Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн, Хөгжлийн банкны, ЖДҮХС-гаас эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан гишүүдийн асуудлыг ч оруулан хэлэлцэхээр болсон тухай яригдаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс хэлэлцүүлэхээр хүргүүлээд байгаа саналууд ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэгдэж, зөвлөмж гаргасныг ЕТГ-ын дарга онцолсон.
Тиймээс ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудалд ҮАБЗ-ын зүгээс шийдэлд хүрсэн асуудлууд багтах бололтой. Харин УИХ, тэр дундаа эрх баригч хүчний зүгээс хэлэлцэх асуудалд олонхийн санал нэгдсэн эсэх нь хэлэлцүүлгийн шатанд харагдах биз. Магадгүй, МАН-ын бүлэг дэх М.Энхболдын фракцынхны эсэргүүцэлтэй тулж ч мэднэ. Энэ бүхэнд парламентад эв нэгдлийг сүр хүчээр бус эе эвээр сахиулдгийг УИХ-ын шинэ дарга эрхбиш мэдэх биз.
Тэгээд ч ирэх зургадугаар сар хүртэл эрх баригч хүчин эв эеэ зангидахгүй бол Хэнтийн сонгууль хүлээж байгаа. ҮАБЗ-д тогтсон “эв санааны нэгдэл”-ийг бус эрх баригч хүчний үйл ажиллагааг энэ сонгууль дүгнэнэ.
Н.Энхлэн