НИТХ-ын VII хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцэж, МАН-аас нэр дэвшүүлсэн С.Амарсайхан олонхийн санал аваад байна. Намын бодлогоо зөрчин, нэр дэвшин өрсөлдөж, олонхийн санал аваад байсан С.Мөнхчулууний хувьд МАН-ын даргадаа таашаагдаагүйгээс нийслэлийн Засаг даргаар батламжлаагүй. Тэр байтугай журмын нөхөр Ц.Сандуйн хамт МАН-ын гишүүнчлэлээсээ хасагдсан энэ удаад дахин НИТХ-ын төлөөлөгчийн эрхээ эдэлж, өрсөлдсөн ч “өвдөг шороодлоо”. Гэхдээ санал хураалтын комисст НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож, төлөөлөгчдөд намын бодлогоо чанд баримтлах чиглэлийг өгч, сөрөг хүчин НИТХ дахь АН-ын бүлэгтээ ч тохироо хийгдсэний үндсэн дээр НИТХ-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг даргаар батламжлуулах эрхээ авч чадлаа. Өөрөөр хэлбэл, С.Амарсайханыг нийслэлийн Засаг даргаар томилуулахын тулд МАН аппаратаараа хөдөллөө.
Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг батламжлуулах өмнөх НИТХ-ын албан бичигт сарын дараа татгалзсан хариу өгч байсан. Учир нь эхний удаад нийслэлийн Засаг даргад сонгосон эрхмийг батламжлуулах албан бичгийн хариу хуулийн хугацаагүй байдаг. Харин энэ удаад Ерөнхий сайд ажлын тав хоногт багтаан, шууд батламжлах хуулийн зохицуулалттай. Тэгээд ч өөрийн хүсэлтээр бус намын бодлогоор сонгогдсон С.Амарсайханыг Ерөнхий сайд ажлын тав хоногийн хугацааг үл хамаарч, НИТХ-аас албан бичиг ирсэн даруйд батламжлах биз гэж ажиглагчид харж байна.
Нийслэлийн Засаг даргаар сонгогдоод байгаа С.Амарсайхан НИТХ-ын даргаар ажиллаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа. НИТХ гэдэг бол мини парламент. Эндээс гарсан бодлого, шийдвэрийг нийслэлийн ЗДТГ хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ өнцгөөсөө С.Амарсайханы албан тушаал буурсан. Гэхдээ хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хэрэгжүүлэх эрх мэдэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид бүхэлдээ төвлөрдөг.
Энэ УИХ, НИТХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох дөхсөн 18 сард шинээр томилогдох дарга их бүтээн байгуулалт өрнүүлж, улсын нийслэлийг цэцэглүүлэн хөгжүүлнэ гэвэл үлгэр. Харин НИТХ-аас өмнө нь баталсан бодлого шийдвэрийг бодит ажил болгон үргэлжлүүлнэ хэрэгжүүлнэ гэсэн нь үнэний хувьтай юм. Нэгэнтээ НИТХ-ын даргаар ажилласан нэг жил орчмын хугацаа нь шинэ даргад туршлага болж, нийслэлийн харьяа газар, албадтай танилцана гэж ажил удахгүй нь сайшаалтай.
Нийслэлд ус, хөрс, агаарын бохирдол, автозамын түгжрэлээс эхлээд асуудал ундардаг. МАН эрх барьж байгаа өнгөрсөн хугацаанд цаасан дээр төлөвлөгдөж, тамгалагдсаар ирсэн дээрх асуудлууд эдүгээ бодит амьдралд биеллээ олж хэрэгжих эхлэл тавигдах төдийд л дараагийн сонгуулийн цикльтэй тулж байгаа.
С.Амарсайхан л албан тушаалын өрсөлдөөнд ялж, аз жаргалтай байгаагаас бус нийслэлчүүд, тэр дундаа Улаанбаатар Аз жаргалтай болгохгүй нь тодорхой.
Тиймээс энэ удаад НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн намтрын хуудсаа нэмнэ үү гэхээс нийслэлийн асуудлыг шийдэж, Улаанбаатарыг утаагүй, түгжрэлгүй гэж итгэх байтугай мөрөөдөх “нийслэлхүү” байхгүй.
Цаашлаад Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргыг батламжилсны дараагаар НИТХ дахин хуралдаж, даргаа сонгоно. Хотын парламентын даргаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг томилно гэх таамаглал эртнээс гарсан. Басхүү НИТХ-ын даргаар хэний хүн ч томилогдсон нийслэлчүүдийн өдөр тутмын амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ.
Н.Энхлэн