Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ гэж завхарсан байгууллага байна.
Замын хайс, гэрлэн шон мөргөсөн жолооч нар олон нийтийн өмч сүйтгэсэн тул хохирлыг барагдуулж, дахин сэргээн засварлах мөнгийг УБЗЗАГ-ын дансанд тушаадаг. Гэтэл засч, янзлах мөнгийг нь шилжүүлчээд байтал зам засварыг огт хийдэггүй гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээлэв. Тэгвэл иргэдийн тушаасан мөнгө хаашаа орсон нь хачирхам.
Хамгийн сүүлийн жишээ дурдахад 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Энхтайваны өргөн чөлөө Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлэгийн урд замд зорчих хэсгийн хойд талд зүүнээс баруун явах хэсгийн хайс хашилтыг ... улсын дугаартай “Субару” маркийн автомашин мөргөж эвдэлсэн осол Замын цагдаагийн газарт бүртгэгджээ. Тус албанаас тухайн өдөр буруутай жолоочийг олж тогтоон “Ачит билгүүн ХХК”-ны үнэлгээгээр 425,000 төгрөгний хохирол тогтоолгон 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын тоот дансанд хохиролыг бүрэн төлүүлж барагдуулсан байна. Гэтэл одоог хүртэл Гуравдугаар эмнэлгийн урд замын зорчих хэсгийн хайсыг засварлаагүй хэвээр.
Нийслэлд 2018, 2019 оны 01 дүгээр сарын байдлаар ногоон байгууламж, явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарласан хайс мөргөсөн 26, гэрлийн шон мөргөсөн 71 бусад хэлбэрээр 17 нийт 114 замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг мөргөж гэмтээсэн 118,484,207 төгрөгний хохиролтой зам тээврийн осол бүртгэгджээ. Үүнээс 102 байршилд нийт учирсан хохирлын 89,7 хувь буюу зохих байгууллагын үнэлгээгээр тогтоосон 106,366,806 төгрөгний хохирлыг засвар арчлалт хариуцсан төрийн болон хувийн өмчийн 8 аж ахуйн нэгжийн дансанд тушаалгаж хохиролыг бүрэн барагдуулсан байна. Гэвч байх ёстой хайс хашилтыг шинэчлэн байрлуулахгүй гүйцэт биш чанар муутай сэргээн засварладаг зарим газарт нь огт сэргээн засварлахгүй байгаа бөгөөд хариуцсан аж ахуйн нэгж нь одоог хүртэл 10 байршилд хайс, хашлагыг шинээр болон сэргээн засварлаагүй аж. Үүнээс үүдэн хөдөлгөөний аюулгүй байдал болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлдөг байна.
Жолооч олон нийтийн өмчид санамсаргүйгээр халдаж, сүйтгэсэн бол цагдаа түүнийг олж тогтоон хэрэг бүртгэлийн хэрэг нээнэ. Улмаар хохирлыг бүрэн барагдуулах мөнгийг зам засах газарт шилжүүлснийх нь дараа одоо гэмгүй гээд явуулдаг. Ингэж Замын цагдаагийн газраас зөрчил гаргасан этгээдүүдийг шуурхай олж тогтоон хохиролыг бүрэн төлүүлж барагдуулдаг аж. Ингэхээр арга хэмжээ тооцож, мөнгө нэхсэн нь Замын цагдаа. Тиймээс ч хохирлын мөнгийг төлсөн жолооч эргээд Замын цагдаагаас засвар яагаад хийгдэхгүй байгааг лавлаж, “Мөнгийг минь идчихлээ” хэмээн ундуйцах явдал цөөнгүй гардаг байна. Гэтэл үнэн хэрэгтээ иргэний төлсөн мөнгөнд цагдаа огт гар хүрдэггүй бөгөөд шууд УБЗЗАГ-ын дансанд шилждэг байгаа юм. Тэгвэл иргэдийн шилжүүлсэн мөнгө хаашаа ордог вэ Ж.Чинзориг дарга аа?.
Өдөрт өчнөөн зам тээврийн осол болж, олон нийтийн өмч, хайс гэрлэн шон эвдэрч сүйтдэг. Осол гаргагч этгээд хохирлыг барагдуулж “гэм буруутан” биш болох тул зайлшгүй барагдуулж байж л “эрх чөлөөтэй” болно. Тиймээс төлөхгүй, хохирол барагдуулахгүй байх тохиолдол тун ховор. Тэгэхээр өдөрт хэдий хэр хэмжээний мөнгө УБЗЗАГ-ын дансанд шилждэг болохыг тооцоолоход овоо ахиу тоо гарна.
Гэтэл эргээд засвар огт хийгдэхгүй байгаа тул иргэдийн төлсөн мөнгө дарга, даамал нарын халаасанд ордог байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгах ёстой.
Иргэдийн мөнгийг авсан ч ажлаа хийдэггүй УБЗЗАГ-ынханд өөр ч увайгүй үйлдлүүд бий.
УБЗЗАГ-ынхан замын засвар шинэчлэлтийн ажлын ихэнх тендерийг өөрсдөө авдаг байгаа юм. “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр ингэж бусдын өмнүүр орж ажил авдаг хэр нь хийж гүйцэтгэж амжихгүйд хүрч бусад компаниудаас “Мөнгө төгрөгийг нь асуудалгүй өгнө” хэмээн тусламж гуйдаг байна. Энэ үгэнд нь итгэн хөөрхий замын компаниуд ажлыг нь нугалж, хийж гүйцэтгэж дуусаад ажил хийсний төлбөрөө авах гэхээр өгөхгүй унждаг аж.
Ажлаа хийлгэчээд мөнгөө өгдөггүйн учрыг лавлахаар очиход дарга нар нь эзгүй байх юм. Хэвлэлийн төлөөлөгч гэх бүсгүй “Би мэдэхгүй. Даргатай уулз. Гэхдээ дарга өрөөндөө уулзалттай байгаа. Хүлээж бай” гэх. Удаан хүлээлгэсний эцэст өрөөгөө түгжээд гарч одохдоо “Би өвчтэй байгаа. Өөр хүнээс яриа ав” гэчихээд яваад өгөх юм.
Арга ядахад тус газрын Үйл ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ариунболдыг олж уулзахад “Мөнгөө өгөхгүй удсан асуудал манайд огт байхгүй. Хэдэн жилийн өмнөх өр үлдээгүй. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд төрийн сан хаагддаг. Тэрнээс өмнө тухайн жилийн бүх тайлан тооцоогоо нэгтгээд ажил гүйцэтгэсэн газрууддаа хөрөнгө, мөнгийг нь шилжүүлдэг. Ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байгаа асуудал манайд байхгүй” хэмээсэн юм.
Гэтэл 2016 онд хийсэн ажлын гүйцэтгэл, мөнгөө одоог хүртэл авч чадаагүй залуу даргынх нь өрөөний хаалгыг өдөржин сахиж суугаатай таарсан. Ганц биш маш олон залуучууд ийн УБЗЗАГ, Ж.Чинзориг даргад “хулхидуулж” бизнес нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэх нь дэнжигнэж, дампуурах нь дампуурч үйл ажиллагаагаа зогсоож байна. Залуу хүний хүсэл мөрөөдөл, хийж бүтээх хүслийг нь хамтад нь унтрааж, шударга бус үйл ажиллагаа явуулж байгаа завхарсан, даварсан байгууллагыг хуулийнхан шалгах ёстой.
Г.Сүрэн