Эрх баригч хүчин УИХ-ын даргын томилгоог хийх гээд дотроо тохиролцоонд хүрч чадахгүй толхилцсоор байна. Толхилцох гэдэг ч үг МАН-д зөөлдөнө, нэгэнтээ хагаралдаж, бутралдаа, төрийг гацаасан улс төрийн хүчин. Байнгын үйл ажиллагаатай парламентын түүхэнд үнэмлэхүй олонхи суудалтай эрх баригч хүчин нь төрийг 40 хоног гацаасан хар түүх МАН-ынх. Өөрсдийн сонгон томилж, Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл сойгоод ялагдал хүлээснийх нь дараагаар “яллаж”, спикерийн суудлаас нь өрсөлдөгч улстөрчидтэй нь хамжин түлхэж, өөрсдөдөө зориулсан хууль батлан, чөлөөлсөн түүхийн бараан хуудас бас МАН-ынх.
УИХ-ын даргыг огцруулахаас зуны тэргүүн сараас өвлийн адаг сар хүртэл тэмцлээ гэж зарим гишүүд гавьяа байгуулсан аятай цээжээ өргөж, хоолойгоо шахаж, дуугаа өндөрсгөн ярьж байгаа. Харин энэ хугацаанд дараагийн УИХ-ын даргаар хэнийг томилох тохиролцоо, шийдэлдээ мөн хүрээгүй байжээ. УИХ-ын даргыг чөлөөлөөд 48 цаг өнгөрч байгаа ч өнөөх л 40 хоногийн турш огцруулахыг шаардаж байх хугацаанд яригдаж байсан дараагийн УИХ-ын даргад горилогчдын нэрсийн жагсаалт нэмэгдсэнээс бус нэг хүн дээр эвлэлдэн, ойлголцоогүй байна.
УИХ-ын даргыг огцруулах шаардлагатай зэрэгцээд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “Дараагийн спикер” гэж нэг хэсэгтээ “цоллосон”. Гэхдээ Ж.Энхбаяр гишүүн ЖДҮХС-гаас эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан хөнгөлөлттэй зээл авч, фермер эрхэлж байгаа зээлдэгчдийн нэгд зүй ёсоор багтсан.
Дараагийн гэх таамаглалд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэр дуулдаж байсан ч түүнийг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн эсрэг фракц болох М.Энхболдын талынх гэдгээрээ Удирдах зөвлөлөөс дэмжлэг авахааргүй байгаа.
Сүүлийн өдрүүдэд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэр жагсаалтад багтаад амжсан. Нэгэнтээ Засаг нь байтугай намынх нь рейтенг навс унасан энэ үед МАН-ын дарга У.Хүрэлсүх парламентын спикерийг танхимаасаа томилох нийгмийн шаардлага л лав байхгүй. Гэвч дараагийн спикерт томилогдох магадлалтай эрхмүүдийн дийлэнх нь түүний Засгийн танхимын дуулдаж байгаа.
УИХ-ын залуу гишүүдээс дээрх эрхмүүдийн нэр гарч байгаа, гэхдээ өнөөдрийн тухайд Ж.Энхбаярын нэр горилогчдын нэрсийн жагсаалтын дээгүүр явсаар байгаа юм.
Цаашлаад парламентын туршлагатай, ахмад гишүүдээс Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, БХ-ын сайд Н.Энхболд нарын нэрс дуулдсан. Парламентын туршлага хуримтлуулах явцдаа аль аль нь алдаа, оноотой явж ирсэн. Зарим нь алдаа хувийнх нь намтраас хальж, төрийн түүхэнд хүртэл тэмдэглэгдсэн. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа хууль зассан гэх ҮХЦ-ийн дүгнэлтээр албан тушаалаасаа огцорч байсан. Тиймээс ч хуульчид “Ц.Нямдорж дахин УИХ-ын даргаар сонгогдох эрхгүй” гэдгийг онцолж, ҮХЦ-ийн дүгнэлтээр үндэслэл болгож байна.
Шадар сайд Ө.Энхтүвшигийн тухайд албан тушаалын төлөө намдаа бүлэглэл, фракц байгуулан тэмцэж явснаар улс төрийн туршлагаараа үлгэрлэсэн зүйлгүй гэсэн шүүмжлэл дагалдаж байгаа. Тэрбээр тухайн журмын хэсэг нөхөдтэйгээ хамтарн “Уламжлал, шинэчлэл, ардчилал-шударга ёс” жигүүрийг намдаа байгуулж, сайдаас эхлээд албан тушаалд дэвшингүүтээ намжиж байсан.
БХБ-ын сайд Н.Энхболдын тухайд хариуцсан салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амиа алдаж, ар гэрийнхний гашуудал, армийн дэглэлтийг халахыг шаардсан нийгмийн бухимдал, эсэргүүцэл өнөө ч өрнөж, сайдаас хариуцлага нэхсээр байгаа. Энэ үед хувь улстөрч төрийн гурван өндөрлөгийн хоёрдугаарт эрэмбэлэгддэг, ҮАБЗ-ийн гишүүний, парламентыг тэргүүлэх амбиц байж болох ч, нийгмийн шүүмжлэл, эсэргүүцлийг эрхбиш нам нь мэдрэхгүй юм гэхэд мэдэж, зөвлөх хүмүүс байгаа байх.
Ийнхүү УИХ-ын даргад горилогчдын намтрын хуудас бараан түүхтэй хөвөрч байна. МАН-ын даргын дэвшүүлэх дараагийн УИХ-ын дарга хэн байхаас хамаарч төр гацаанаас гарах эсэх ч хамаарах юм. Харин 2020 он хаяанд ирж байгаа энэ үед хагаралдсан намын асуудал бидэнд падгүй, дараагийн сонголтдоо л анхаарах цаг.
Н.Энхбат