МАН-ын бага хурал өнөөдөр болно. Эрх баригч хүчний бага хурлаас ихийг хүлээх шаардлагагүй. Эвдрэлцсэн талууд энэ хурлаар ойлголцолд хүрнэ гэж бүүр ч байхгүй. Бага хурлын өмнөтгөл болгож МАН-ын залуучууд намаа шинэчилж байгаагаа илэрхийлж, “60 тэрбум”-ынхантай хариуцлага тооцохыг шаардан Тусгаар тогтнолын ордондоо мэдээлэл хийсэн бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрсөн дүүдээ ЖДҮХС-гаас зээл авч өгснийг баримттайгаар мэдээлж, 48 цагий дотор өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаасаа огцрохыг шаардлаа. Өнөөдрийн МАН-ын бага хурлаар М.Энхболд, Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол гэсэн нэр бүхий гишүүдээ намын гишүүнчлэлээс хасах, Н.Номтойбаяр зэрэг зарим гишүүдийг бага хурлын гишүүнээс чөлөөлөх шийдвэр гарах талаар бор шувуу аль эрт жиргэсэн.
“60 тэрбум”-ынхантай хариуцлага тооцох эсэх нь 200 гаруй мянган гишүүнтэй гэгдэх Монголын улс төрийн ууган хүчин МАН-ын дарга У.Хүрэлсүхийн мэдлийнх байж болно. Нөгөө талд ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан зээл авсан зохион байгуулалттай “бүлэг гэмт хэрэгт” Засгийн газар бүхэлдээ хамаараад байгаа. Өмнө нь энэ асуудлаас үүдэн Засгийн газрын нэр бүхий гишүүнийг огцруулахыг УИХ-ын гишүүд шаардаж байсан. Тодруулбал, ЗТХ-ын сайд Я.Содбаатарт хариуцлага тооцох асуудлыг хөндөж, энэ нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар үргэлжлэн, гишүүдийн олноор Засгийн газар үлдсэн. Харин өнөөдрийн тухайд дахин энэ асуудал сөхөгдөж, Ерөнхий сайд “ЖДҮ-чдийн загалмайлсан эцэг” гэж цоллогдоод байгаа.
Энэ үед “60 тэрбум”-ынхантай хариуцлага тооцож, ЖДҮХС-гаас зээл авсан зарим гишүүддээ арга хэмжээ аваад ч нийгэмд МАН хийгээд МАН-ын дарга нэр цэвэр үлдэхээсээ нэгэнт өнгөрсөн. Намаа цэвэрлэнэ, шүүнэ л гэж байгаа. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүйтэй агаар нэгэн.
МАН-ын дотоод хагарал өнөөдөр төрийн нэр хүндийг унагах бүү хэл гацааж, байнгын парламентын үйл ажиллагаа тасалдаж, гацаанд оруулаад байгаа. Тиймээс ч УИХ гурван долоо хоног хуралдаж чадаагүй, байнгын хороодын хуралдаан хэдэнтээ хойшилсоор шинэ оныг угтах нь. Иргэд, тэр дундаа нийслэлчүүд эдийн засгийн хямралаас гадна эрүүл мэнд, амьд явах эрхээ төрөөс нэхээд ч нэмэргүй болсныг Улаанбаатарын утаа, угаараас харагдаж байна.
Тиймээс л өнөөдрийн МАН-ын бага хурал олигархиудын тэмцлээр үргэлжлэхээр олон нийтэд бидэнд түй ч хүртээлгүй билээ. Эндээс гарах шийдвэр, дараагийн үйл явцаас ЖДҮ-чид, “60 тэрбум”-ынхны хэн нь хүчтэй, бядтайгаа харуулах биз.
Түүнээс бус хоёр жилийн өмнө МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, “Бид зүтгэе, хамтдаа бүтээе” гэх сэтгэл хөдөлгөсөн сайхан уриа лоозон 2016 оны сонгуулийн ялалттай хамт мартагдан салхинд хийсэн одсон. Өнөө ч эрх баригч хүчнийхэн албан тушаалын бялуугаа булаацалдаж, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа нэгнээ татан унагааж чирэн гаргахаа мэдэгдэн, Тусгаар тогтнолын ордон, Төрийн ордны хооронд жим гарган гүйлдсээр бүрэн эрхээ дуусгавар болгох гэж байна. “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” гэдэг үгийг эрх мэдэл, албан тушаалд хүрсэн овлигогүй эрхмүүд умартдаг бололтой.
Гэхдээ энэ бүх үйл явцын эцсийн шийдвэрийг хууль, шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтооно. Тиймээс л өнөөдрийн бага хурлаас олон нийт эрх баригч хүчний хэмжээний дорвитой шийдэл бус нэгэн намын дотоод асуудал хэрхэн өрнөхийг ажиглаж байна.
Н.Энхлэн