Ард түмэн төрөө дээдэлдэг, төрийн сүлд өршөө гэж залбирсаар ирсэн. Ямар ч цаг үед төрөө дээдэлсээр ирснээрээ энэ сэтгэлгээг эцэг өвгөдөөсөө уламжлан авсан эх оронч үзэл юм. Эгэл жирийн иргэд бүгд адил, эх оронч үзэлтэй. Харин энэ эх оронч сэтгэлгээг зарим хүмүүс, тэр дундаа улс төрчид өөрсдийн үйл хэрэгтээ “ашигласаар” ирсэн.
Тээр жил Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулж, “Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс эх орноо худалдлаа, эх орныхоо төлөө амь хайргүй тэмцэнэ, ард түмний төлөө амиа ч хайрлахгүй” гэх зэргээр цагаан хоолой ашиглан тод, чанга хашгирч, бахирч, Төрийн ордон руу өндөг, улаан лооль цацаж байсан иргэний хөдөлгөөний байгууллагыг эрхмүүдээс өнөөдөр төрийн түшээгээр сонгогдон, бүрэн эрх эдэлж байгаа. Тодруулбал, “Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн”-ий тэргүүн Ж.Батзандан, “Number one” хөдөлгөөнийг удирдаж байсан Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдож, ажиллаж байна.
Олон нийт тэднийг “поп” улстөрчид гэж тодотгодог. Учир нь төрийн түшээгээр сонгогдсон ч тэдний хувийн амбици нь илэрсээр байдаг. Эрх ашиг нь зөрчигдвөл хэнийг ч, юу ч гэж төрөлхийн гэмээр араншин төлөвшсөн байдаг. Гэхдээ УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг заалт хуулинд бий. Үүнийг УИХ-ын гишүүд ихээхэн ашиглаж, чуулганы хуралдааны үеэр хэлэлцэх асуудлаас гажиж, хэн нэг рүү дайрсан, түрэмгийлсэн үгийг чөлөөтэй хэлдэг байсан, хэлсээр ч ирсэн.
Харин өнөөдрийн поп улстөрчдийн тухайд чуулганы хуралдааны танхим гэлтгүй хэвлэлийн хурлын үеэр ч сүржин мэдэгдэл хийдэг. Харамсалтай нь үг үйлдэл хоёр нь зөрсөөр ирсэн.
Тухайлбал, өнөөдөр УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцруулах шаардлагыг тавиад байгаа. Тэд УИХ-ын даргыг огцортол чуулганы хуралдаандаа оролцохгүй гэж төрийн үйл ажиллагааг гацаасаар байна. УИХ-ын даргын тухайд “Би ямар нэг хууль зөрчөөгүй” гэдгээ мэдэгдэн, УИХ-ын гишүүний хувьд хуралдаандаа оролцож, хуулиа сахиулахыг дээрх гишүүдэд хэдэнтээ анхааруулсан. Парламентат засаглалтай манай улсын хувьд УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх асуудлыг хуульчилсан. УИХ-ын даргыг ажлаа үргэлжлүүлэх хийх боломжгүй гэсэн эмнэлгийн дүгнэлттэй, ажлаас нь чөлөөлөх Үндсэн хуулийн дүгнэлт гарсан, өөрийн хүсэлтээр гэсэн таван үндэслэлээр ажлаас нь чөлөөлж болдог. Ингэхдээ УИХ хэлэлцэж шийдвэр гаргана.
Харин нэр бүхий гишүүд УИХ-ын даргы огцруулах шаардлагадаа “өөрийн хүсэлтээр ажлаа өг” гэж тулган шаардаж байгаа. Хуулиас гадуурх энэ шаардлагыг тавьж, байнгын үйл ажиллагаатай парламентыг гацааж байгаа энэ үйлдэлдээ өнөөх л “ард түмэн”-ий нэрийг ч барьсан хэвээр. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ” гэсэн. Энэ нь гудамжинд “суулт зарлах”-аар шийдсэн байсныг бусад нь эсэргүүцэж, “залуу хүний омголон зангаа боль, бид чиний талд” гэж дэмжсэний хүчинд одоогоор тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоо түр азнаад байгаа юм билээ. Ж.Батзандан гишүүн гэхэд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохгүй бол “суудлаас нь чирч буулгана, гудамжиндаа гарч ард олонтойгоо нэгдэнэ” гээд л даралттай хүний дууны өнгийг нь сонсоод л харвахаар сүр мэдэгдэл хийсэн. Сүүлдээ “би ганцаараа хийх ажил биш байна, барахгүй юм байна” гээд л цахимаараа жиргэж байна лээ.
Гэхдээ хуулинд УИХ-ын дарга тавьсан шаардлагыг нь хүлээж аваагүй тохиолдолд УИХ-ын гишүүн чуулганы хуралдаандаа оролцохгүй байх, эсвэл суулт зарлаж болно гэх заалт байхгүй л дээ. Хуулиас гадуурх хувь улстөрчийн л үйлдэл, араншин.
Ер нь энгийн иргэн хуулинд заагаагүй зүйлийг хийж болдог бол төрийн албан хаагч зөвхөн хуулиар зөвшөөрсөн зүйлийг л хийх ёстой гэсэн хуулийн заалт байдаг. Гэвч “бүрэн эрх”-ээр хамгаалагдсан төрийн түшээд хуулинд заасан гэхээсээ хуулийн гадуурх үйлдлийг өөрсдиийн үйл ажиллагаандаа илүүтэй ашиглаад байгаа нь өнөөдрийн төрийг гацаасан эрхмүүдээс харагдаж байна.
Ийнхүү поп улстөрчдийн хуулийн гадуурх үг, үйлдэл төрийг гацаасаар байна. Төрд поп бус хуулиа чанд сахин хэрэгжүүлдэг топ ултөрчид дутагдаж, үгүйлэгдсээр байгаа юм. Тэгээд ч эх оронч хүн гэж хуулиндаа захирагдаж, төрөө дээдэлж байгаа эгэл нэгийг л хэлдэг болохоос хэрэг зорилгоо биелүүлэх гэсэн хийтэй нэгний "амны уншлага" биш байлтай.
Н.Энхбат