Парламентад 65 суудалтай үнэмлэхүй олонхи МАН хууль тогтоох дээд байгууллага УИХ-ыг гацаасан өдрүүд үргэлжилж байна. Төрийн гацаа энэ долоо хоногт ч арилахгүй шинжтэй. УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралддаг хуваарьтай. УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан хэдий ч ойлголцолд хүрсэн эсэх нь тодорхойгүй. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар олон нийтэд ямар нэг мэдээлэл өгөөгүй. Учир нь өнөөдөр нийгэм эрх баригч хүчин дотооддоо ойлголцолд хүрсэн эсэхийг анхааралтай ажиглаж байгаа. УИХ-ын даргаа огцрохыг нэр бүхий гишүүд шаардаж, чуулганы хуралдааныг “хаяж” байгаа бол УИХ-ын даргын зүгээс парламентын хэвийн үйл ажиллагааг хангахыг шаардаж, тэр дундаа Засгийн газарт УИХ-аас шаардлага хүргүүлээд байгаа.
100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газрын тухайд чуулганы үйл ажиллагааг тасалдуулж, УИХ-ын даргын хүргүүлсэн хугацаатай шаардлагын хариуг ч өгөөгүй. УИХ-ын даргын тухайд МАН-ын даргад бус парламентаас томилсон Засгийн газарт хандсан шаардлагыг тавьсан, уг нь.
Гэвч У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар хуульд заагаагүй үндэслэлээр төрийн ажлыг гацаасаар ирлээ.
Хүйтний эрч чангарч, зарим газарт шөнөдөө -40 хэм хүрч, цасан шуургатай, малчид, тариаланчид, тээвэрчдийг байгалийн аюулт үзэгдлээс сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас өдөр бүр анхааруулсаар байгаа. Харамсалтай нь энэ үед хөдөө аж ахуйн гол салбарын сайд томилогдоогүй, асуудал үүсвэл хариуцах эзэнгүйгээр явж байна. ХХААХҮ-ийн сайдын томилгоог УИХ гурван ч удаа хэлэлцэх гэсэн боловч Ерөнхий сайд асуудлаа оруулж ирэхгүй хойшлуулсаар өнөөдрийг хүрснийг УИХ-ын дарга өнгөрсөн долоо хоногт хэлсэн үгэндээ онцолсон.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар энэ долоо хоногийн ажлын эхний өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тиймээс өнөөдрөөс хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр орлогч дарга Ж.Батбаясгалан ажиллаж байна. Улаанбаатарын утаа, автозамын түгжрэлээс эхлээд нийслэлийн асуудал дуусдаггүй. Хотын шинэ даргыг томилогдтол энэ бүхэн шийдвэрлэгдэж, цэгцрэгдэхгүй, харин ч асуудал нь овоорсоор байх биз.
Энэ долоо хоногт ЗТХ-ын сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэнэ. Мэдээж, Засгийн газрын өргөн барьсан төслийг УИХ дэмжих хэдий ч чуулганы ирц хүрэх эсэх нь мөн л эргэлзээтэй.
Өнөөдрийн байдлаар У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүн дутуу, гурван салбарын сайдыг томилох, дараагийн сайдыг огцруулах асуудал ч сөхөгдөж байна. Энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрэлдэхүүнээр ажиллуулахыг яарахгүй байгаа нь ХХААХҮ-ийн сайдын томилгоог хэдэнтээ хойшлуулснаас харагдаж байгаа. Тэр байтугай энэ долоо хоногт прокурор ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон гурван эрхмийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхээр болсон талаар гишүүн О.Баасанхүү хэвлэлийнхэнд мэдээлсэн. Нэр бүхий гурван гишүүнд сайдын нэр ч явж байна лээ.
Хэдийгээр УИХ-ын гишүүн биш ч эрх баригч хүчин МАН-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүний тухайд төр,засгийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүргийг У.Хүрэлсүх давхар хүлээнэ. Гэвч тэрбээр хуулиас гадуурх улс төрийн бойкот хийж байгааг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж хуульчид үзэж байна.
Сөрөг хүчин АН өчигдөр хуралдаанаараа Засгийн газарт бус эрх баригч хүчин МАН-д “хувийн өчүүхэн эрх ашгаа хойш тавьж, эрх мэдлийн төлөөх явцуу тэмцлээ нэн даруй цэглэж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлын нэр хүндийг унагах, үйл ажиллагааг нь тасалдуулах гэсэн оролдлогоо зогсоож, ард түмний өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж ажиллахыг шаардаж байна” гэсэн шаардлага хүргүүлсэн.
Өнөөдөр валютын ханш болон нефть шатахууны үнэ өсч, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой, тулгамдаж байгаа асуудлууд шийдлээ хүлээсээр байгаа. Гэвч эрх ашгийн төлөөр тэмцэл төрийн гацаагаар үргэлжилсэн энэ өдрүүдэд дээрх асуудлууд шийдэгдэнэ гэдэг итгэл нэгэнтээ алдарсан. Тэгээд ч эрх баригчдын “Бид зүтгэнэ, хамтдаа бүтээнэ” гэсэн уриа сонгуулийн маргаашаас салхинд хийсэнийг өнөөдрийн төрийн гацаа бүрнээ илтгэнэ.
Өнөөдөр УИХ-ын ч, Засгийн газрын ч бүрэлдэхүүн бүрэн бус, чөлөөлж, огцруулж, томилсоор сонгуулийн жилтэй золгох магадлал ч өндөр байна. Тиймээс ч эрх мэдлийн төлөө тэмцэл төрийн үйл ажиллагааг тасалдуулж, "барьцаалсан"-аар үргэлжилж байна.
Н.Энхбат