У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. Эрх баригч хүчний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж шийдвэрлэхэд парламент үнэмлэхүй олонх нөлөөлсөнгүй. Харин С.Жавхлан, Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын санал хүч нэмэв.
Эдүгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийг нь огцруулахаар гарын үсэг зурсан намын гишүүдэд хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Юутай УИХ-ын дарга М.Энхболд, гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат нарын нэр бүхий эрхмүүд намын батламжаа хураалгах жагсаалтыг тэргүүлж байгаа. Учир нь дээрх нэр бүхий гишүүдий тус намын Хяналтын хороо хөөх шийдвэр гаргаад буцсан. Харин одоо Засгийн газартайгаа үлдсэн Ерөнхий сайд гишүүдтэйгээ тооцоо бодохоос ажлаа үргэлжлүүлэх үү, сайд нартаа хариуцлага тооцох уу гэдгийг олон нийт ажиглаж байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газраас ЖДҮХС-гийн асуудалд ЗТХ-ийн сайд Я.Содбаатар холбогдон шалгагдаж байгаа бол гишүүд ЗТХ-ийн сайд Ц.Даваасүрэн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нарт хариуцлага тооцохыг шаардаж байгаа.
Өөрийнх нь эсрэг огцруулах гарын үсэг зурсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг “өөрийнх нь хүсэлт”-ээр огцруулаад зогсохгүй намаасаа хөөхөд ч бэлэн байгаа. Ер нь намын гишүүдээ хөөх эсэх нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн мэдэлд ч, УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эрх түүнд байхгүй. Гэхдээ харуицлагын сэлмээ эргүүлж байна гээд намынхаа аппаратын бүрэлдэхүүнийг хөөж, туух нь ирэх сонгуульд нь халтай.
Хэдийгээр “Нийгмийн хүсэн хүлээсэн удирдагч, ардын Засгийн газар” гэсэн тодотголыг өөртөө зүүхээр үг хэлэх болгондоо давтан ярьж байгаа. Харамсалтай нь олон нийт төр түвшин, түмэн олон амгалан байхыг илүүд үзэж байгаагаас бус “Хаа нэгтээгээс сэлэм гялалзуулсан ардын баатар” гарч ирээсэй гэж бодох байтугай зүүдлэх ч үгүй, мэдэж эр хүн болгон баатар болохыг мөрөөддөг.
Цаашлаад сөрөг хүчний Засгийн газрыг огцруулахыг дэмжих улс төрийн шийдвэрийн эсрэг кноп дарсан гурван гишүүндээ АН ямар хариуцлага тооцох бол. Мэдээж тэдэнд МАН-ыг дэмжсэндээ бус У.Хүрэлсүхийн талд ажиллах шалтгаан байсан. Ер нь аль ч парламентад сөрөг хүчин нь хамтарсан Засгийн газар л байгуулаагүй бол эрх баригч хүчний удирдсан Засгийг огцруулахыг дэмжиж кноп дардаг. Харин энэ удаад сөрөг хүчний нэр бүхий гишүүд ямар нэг асуудлаар барьцаалагдсан, гар нь,нэр нь цэвэр бус эрхмүүд байна гэж олон нийт дүгнэж байна.
Цаасан дээрх эдийн засгийн өсөлт айл өрхөд мэдрэгдэхгүй явсаар гурав дахь онтойгоо золгож байгаа нь үнэн. Өнөөдөр олон нийт эдийн засаг өсөхийн хэрээр иргэдийн амьжиргаа сайжирдаг гэсэн ойлголтод итгэхээ ч больсон. Эдийн засаг өссөн өсөөгүй тус тус амьжиргааг дээшлүүлээд явах нь зах зээлийн системтэй улс орны иргэдийн үүрэг гэдгийг олон нийт ухамсарлаад байгаа. Харин улсын төсвийг бүрдүүлдэг татвар төлөгчдийн мөнгө мэдэлтэн, албан тушаалтнуудын хүрээллээр эргэлдэж, хуваарилагдагийг өнгөрсөн сард мэдэхийн дээдээр мэдэж авлаа. Олон нийтийн нэр зээлдэж, элдэв сан үүсгэн, төсвийг нь өөрсдөдөө хуваарилсаар ирсэн тогтолцоо хэзээ устахыг таашгүй.
Өнгөрсөн хугацаанд МАН иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлж, эдийн засаг, нийгмийг хөгжүүлж чадаагүй, намынх нь хагарал төрийг хямраах хэмжээнд хүргэсэн он жилүүд байлаа. Тиймээс бүрэн эрхийнхээ сүүлийн жилүүдэд улсаа хөгжүүлнэ гэж ярих үлгэрт нь хэн итгэх билээ. Дотоодын баялаг бүтээгчдээс эхлээд иргэд хүртэл итгэлээ алдаад байхад гадаадын хөрөнгө оруулагчид зугатах нь аргагүй.
Ирэх сар, өдрүүдэд иргэд Засгийн газраас ямар нэг хүлээлтгүйгээр ажил, амьдралаа үргэлжлүүлсээр байх болно. Учир нь Засгийн газрыг У.Хүрэлсүх нь тэргүүлнэ үү, шинэ Ерөнхий сайд томилогдоно уу, олон нийтэд падгүй асуудал байлаа. Харин эрх баригчдын тэмцэл хэрхэн үргэлжлэх нь анхаарал татсаар байх биз.
Н.Энхбат