МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар үлдэх үү, үргэлжлүүлэн ажиллах уу гэдэг асуултын тэмдэгтэй өдрүүд үргэлжилж байна. Энэ асуудлыг хуулийн хугацаанд өнөө, маргаашийн аль нэгэнд УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
МАН-ын даргын тэргүүлсэн Засгийн газрыг байгуулагдахад тогтвортой төр, засаг тогтвортой ажиллаж, эрх баригчид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь гэсэн итгэл олон түмэнд байсан. Гэвч өнгөрсөн нэг жилийн хугацаанд өмнөх Засгийн газрын бэлтгэсэн хэлэлцээрийн дагуу ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулснаас МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр цаасан дээр тамгалснаас цаашгүй явж байна.
Харин ирэх оны улсын төсөвт эрх баригчид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг тусгасан. Тэдэнд 2020 оны сонгуульд хүртэл бүрэн эрхээ бүтэн хэрэгжүүлэх боломж бол ирэх он гэдгийг нийтээрээ мэднэ. Тиймээс амлалтаа 100 хувь биш гэхэд заримыг нь эхлүүлсэн байх цаг хугацааны хайчилбарыг аль ч эрх баригч сонгуулийн өмнөх жилээр тооцдог нь гэм биш зан. Сөрөг хүчин ирэх оны улсын төсвийг хэт хөөсрөлтэй, сонгуулийн жилд зориулсан, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж шүүмжилж байгаа нь ч үнэний ортой.
Гэвч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, их бүтээн байгуулалтаа өрнүүлэх жилийн босгон дээр Засгийн газраа огцруулах уу, үлдээх үү гэсэн улс төрийн тогтворгүй байдлыг эрх баригчид өөрсдөө үүсгэж, намын хагарал нь улс төрийн хямралт байдал руу түлхэхэд хүрээд байна. Сайд нар нь ЖДҮХС-гаас зээл авсан, ёсзүйн алдаа гаргасан Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцоогүй гэх зургаан үндэслэлийг Ерөнхий сайдыг огцруулах бичигт дурдсан.
Өнөөдрийн тухайд Засгийн газрын танхим хоёр дахь сайдаа огцруулаад байгаа. ЗТХЯ-ны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн онц ноцтой хэрэг гарч, салбарын сайд Ж.Бат-Эрдэнийг огцруулж, Я.Содбаатарыг томилоод байсан. Гэвч сайд Я.Содбаатар эдүгээ ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан зээл авсан нь илэрч, шалгагдаж байгаа. ЖДҮХС-гаас нэр бүхий албан тушаалтнуудад зээл олгосон хэргээр ХХААХҮ-ийн сайдаас Б.Батзоригийг огцруулж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх прокурорын саналыг УИХ буцаасан. Цаашлаад Х.Баделхан нарын Засгийн газрын хэд хэдэн гишүүн шалгагдаж байгаа юм билээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжигдсэн. Гэхдээ тус байнгын хороонд хамаардаг гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцуурах бичигт гарын үсэг зурсан, огцруулахыг дэмжиж байсан эрхмүүд.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурсан бол, 35 гишүүн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжиж, мэдэгдэл хийсэн. Ер нь хуулиараа Засгийн газрыг огцруулах саналд УИХ-ын гишүүдийн 4/1 нь гарын үсэг зурсан тохиолдолд өргөн барьж хэлэлцүүлдэг. Түүнээс бус Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг дэмжсэн санал хураалт, төсөл өргөн барина гэсэн заалтгүй. МАН-ын 64-ийн бүдүүн бүлгээс Б.Батзориг, Д.Лүндээжанцан нар аль ч талд нь гарын үсэг зураагүй байгаа. Учир нь гишүүн Б.Батзориг шалгагдаж байгаа бол Д.Лүндээжанцан гишүүн байнгын хороог даргалан удирдаж байгаагаас ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн юм билээ. Гэхдээ тэр Байнгын хороон дээр Ерөнхий сайдыг огцруулах саналд эсрэг кноп дарсан харагдсан.
УИХ дахь сөрөг хүчин АН, гурав дахигч хүчний төлөөлөл МАХН Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж байгаа. Харин байр суурь нь тодорхойгүй, аль алиныг нь дэмжихгүй гэж шүүмжилсээр ирсэн бие даагч гишүүн С.Жавхлангийн саналаар Засгийн газар огцрох эсэх нь шийдэгдэхээр байгаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд гишүүн С.Жавхлан хуралдаанд оролцож санал өгөхгүй бол Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг дэмжиж байгаагаа биеэр илэрхийлсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр гишүүн Б.Батзоригийн байр суурь ч эргэлзээтэй. УИХ түүнийг сайдаас нь огцруулсан ч бүрэн эрхийг нь хамгаалсан. Тиймээс бусдынхаа өмнөөс хариуцлага хүлээж сайдаасаа огцорсон тэрбээр Засгийн газрын эсрэг кноп дарсан байхад гайхах зүйлгүй, танхимын сайд Ц.Цогзолмаа хүртэл Ерөнхий сайдаа огцруулахад гарын үсэг зурчихаад байхад.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан нэр бүхий гишүүд дээрх асуудлыг хэлэлцэх үед “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байх”-ыг шаардсан Ёсзүйн дэд хороонд тавиад байгаа.
Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн тухайд парламентад суудалгүй улс төрийн хүчний удирдлагуудтай уулзалт хийж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг "дэмжлэг"-ийг авч байсан. Гэхдээ асуудлыг парламентын гаднах улс төрчид бус парламентад суудал бүхий намын гишүүд шийдвэрлэнэ. Тэр дундаа өөрийнх нь тэргүүлсэн намын гишүүд гэдгийг тэрбээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс дэмжлэгийг парламентын гаднаас бус дотроос хайж, тэр дундаа өөрийнх нь эсрэг санал гаргасан намын гишүүдтэйгээ эвээ ололцох нь нэн намын даргын нэн тэргүүний үүрэг байлаа.
Ямартай ч МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ дахь бүлгийн 27-той өнөөдрийг хүртэл улс төрийн тохироонд хүрээгүй толхилцсоор л байна.
Н.Энхлэн