Жоомоо алах гээд гэрээ шатаадгийн үлгэр МАН-д нүүрлэжээ. МАН-ынхан хоёр хуваагдаж, ээлж дараалан мэдээлэл хийн, саарал байшингаа “шатаах”-аар зэхэж буйгаа илтгэлээ. МАН-ын 65-ын нэг хэсэг нь Засгийн газраа аврахаар, нөгөө хэсэг нь унагахаар тэмцэлдэж байна.
Т.Аюурсайханы ахалсан Засгийн газрыг АВРАХ 35 гишүүн
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзжээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэгт “Засгийн газрыг огцруулж болохгүй” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн байна. Ингэхдээ Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, сахилга бат, хариуцлагыг чангатгах ёстой гэсэн улс төрийн шийдвэр гаргасныг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ч.Улаан нар танилцуулав.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн даргалдаг Удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжиж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн бичигт 35 гишүүн гарын үсэг зурсан гэнэ.
Д.Хаянхярваагийн ахалсан Засгийг газрыг УНАГАХ 27 гишүүн
Харин нөгөө талд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар санал нэгдсэн 27 гишүүн бий. Тэд Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-д уламжлаад буй. Тэдний саналыг ойрын хугацаанд хэлэлцэх бөгөөд энэ үеэр ашиг сонирхлын зөрчилтэй сайд нар санал хураалтад оролцох ёсгүй гэсэн шинэ “дүрэм”-ийг 27-ын бүлэг гаргаж ирэв. Өөрөөр хэлбэл ЖДҮХС-гийн зээлд нэр нь холбогдсон сайд нар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцэх хуралдаанд оролцох ёсгүй хэмээн үзжээ. Энэ тухайгаа тодруулахаар АТГ-ын дарга Х.Энхжаргал, Ерөнхий прокурор Б.Энх-Амгаланд “хов” хүргэж буйгаа өнөөдөр мэдээлэв.
Д.Лүндээжанцан, Б.Батзориг хоёр хаачих вэ
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг “аврах”, “алах” хоёр баг ийн бүрджээ. Харин тэднээс сугарч үлдсэн хоёр хүн бий. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Батзориг хоёрын гарын үсэг хаашаа эргэх нь одоогоор тодорхойгүй байна. Тэднийг Засгийн газрыг огцруулахгүй талд байгаа гэж мэдээлсэн ч гарын үсгээ зураагүй учраас баталгаатай итгэл үнэмшил биш. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гэхэд хаашаа ч эргэж магадгүй. Тэр гарын үсэг зураагүй гээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй, саналаа унагаахыг үгүйсгэх аргагүй. Б.Батзориг ч ялгаагүй. Хэдийгээр тэр У.Хүрэлсүхийн багт байсан ч огцорсон Ж.Бат-Эрдэнийн адил унагах 27-ын талд саналаа өгч ч магадгүй. Улс төр болоод улстөрч хаашаа эргэхийг таахын аргагүй.
Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг 35 гишүүн дэмжсэнээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт бага ч болов гэрэл туслаа. Гэхдээ энэ гэрлийг хаах гарцыг 27-ын бүлэг олж, хууль хяналтын байгууллагын удирдлагуудад хандлаа.
Дээр нь АН-ын бүлгийн 9 гишүүн хэрхэх вэ. Хэдийгээр АН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах саналаа дахин нотолсон ч яг кноп дарах агшинд хэн нэгний эсвэл хоёрын санаа бодол нь өөрчлөгдөж, суудлаа эзэнгүй орхиж ч болзошгүй. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах кнопыг аль хэдийнэ дарчихсан суугаа. Тооны харьцаагаар авч үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяа бие даагч гишүүн С.Жавхлангийн мэдэлд байна. Тэр хэнийг нь ч дэмжихгүй гэсэн бөөрөнхий байр суурь илэрхийлж, өөрийгөө үнэд оруулаад буй.
Ямартай ч “Ах” намынхан хоёрын хоёр саарал ордонд багтаж ядан тэмцэлдэж байна. Төрийн ажлыг гацаасан төрийн эрхийн төлөөх тэмцлээ хурдан дуусчихвал тун зүгээр санж.
Б.Учрал