Эрх баригч хүчин МАН-ын хагарал задралаар үргэлжилж, төрийн ажлыг гацааж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьж, дээрх бичигт гарын үсэг зураагүй нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлага хүргүүлж, 2019 оны улсын төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхэд МАН-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй “ажил хаялт” зарласнаар үргэлжилж байна.
Парламентад суудалтай намууд Засгийг огцруулахыг дэмжинэ
Ерөнхий сайдыг огцруулах асуудалд УИХ дахь МАН-ын 27 гишүүн гарын үсэг зурсан. Энэ асуудалтай холбоотой сөрөг хүч АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч, УИХ дахь МАН-ын бүлэгтээ чиглэл өгөөд байгаа.
УИХ дахь гуравдагч хүчний төлөөлөл, МАХН-ын гишүүн О.Баасанхүү У.Хүрэлсүхийн Засгий газрыг огцруулах үндэслэлийг дэмжихээс өөр аргагүй. Гол нь үндэслэл нь бодитой байх ёстой” гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа. Эндээс парламентад суудалтай намууд тодруулбал МАН-ын 27, АН-ын 9, МАХН-ын 1 гишүүн нийтдээ 37 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ. Нөгөө талд УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүнээс 37 нь Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зураагүй.
Бие даагч С.Жавхлан хоёуланг нь дэмжихгүй
Энэ тохиолдол УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлангийн байр сууринаас асуудал хамаарахаар байгаа. Учир нь өнөөдөр парламент 75 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. УИХ-ын гишүүн С.Жавхлан “нэ хулгайч нар хоорондоо зодолдох тусмаа Монголын түмэн олонд ашигтай. Үүнээс хойшоо төрд шуналтай хүмүүс орж ирдэг цаг дуусах ёстой. Энэ нөхөд хоёр тал болоод байна. Би хоёуланг нь дэмжихгүй” гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа. Гэхдээ уг асуудлыг хэлэлцэх үед гишүүдийн ирц ямар байх, бие даагч гишүүн С.Жавхлан хуралдаандаа сууж, санал хураалтад оролцох эсэхээс асуудал хамаарна.
М.Энхболд: Би хууль зөрчөөгүй
Нөгөөтэйгүүр УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх гэсэн шаардлагыг нэр бүхий 32 гишүүн өргөн бариад байна. Хуулиараа УИХ-ын даргыг ҮХЦ-ийн шийдвэрээр, эсвэл нас барсан тохиолдолд, өөрийн хүсэлтээр чөлөөлөх заалттай. Түүнээс бус хэн нэг, хэсэг бүлэг гишүүдийн саналаар шийдвэрлэх заалтгүй.
УИХ-ын даргыг чөлөөлөгдтөл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ дээр гишүүд мэдэгдсэн. УИХ-ын дарга гишүүдийн шаардлагад “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл буюу хуулийн нэр томъёоны тодорхойлолт нь Монгол Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Миний бие уг хуулийн 3 дугаар зүйлийг зөрчөөгүй” гэсэн хариу өгч “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.21-д “өвчтэй, чөлөөтэй байх, гадаад, дотоодод томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцох”, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно”, мөн зүйлийн 4.10 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж тус тус заасан тул Таныг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд хүрэлцэн ирж оролцохыг хүсье” гэдэг байр сууриа илэрхийлээд байна.
УИХ-ын гишүүн бол сонгогчдын элч төлөөлөл. Тиймээс хууль боловсруулах дээд байгууллагад ард түмний төлөөлөл болж ажиллах үүргээ нэн түрүүн хэрэгжүүлэх ёстой. Гэвч сонгогдсон түшээд түмний төлөө бус фракц, бүлэглэл, хувийн эрх ашгийг эхэнд тавьж төрийн үйл ажиллагааг гацаасаар байгааг өнгөрсөн бямба гаригийн болон өчигдрийн чуулганы ирц бүрдүүлэх хүлээлтээс харагдана. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж байгаа шиг ээ түмний, төрийн өмнө хүлээсэн үүргээ бас хэрэгжүүлээрэй, эрхэм түшээд ээ.
Н.Энхбат