Эрх мэдлээ урвуулан ашигласан төрийн түшээдийн зарим нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлчихсөн, төлнө гэж толгой гэдгэр ярьж, “ард иргэдээсээ уучлал гуйж байна” гэдэг үгийг хоолойгоо шахан хэлж байна. Ийн уучлал гуйснаараа тэд хариуцлагаа хүлээж, алдаагаа засчихлаа гэж ойлгоод байх шиг.
Өнөөдөр халдашгүй бүрэн эрхтэй гишүүдийн зарим нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, олон тэрбумын зээл ч авсан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай хамтран ажиллах гэрээ байгуулж, жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээл авчээ. Уг нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн журмаар жилийн гурван хувийн хүүтэй, эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх шаардлага, тавьж, жижиг, дунд аж ахуй нэгжүүд, иргэдэд зээл олгох заалттай. Дундаж давхрагын иргэдэд зориулсан сангийн зээлээс авсан нь баримттайгаар илрээд байхад мэдэхгүй гэж мэлзэж, бусдад нялзааж, төрийн нэр барьсан эрхмүүд уучлалт гуйгаад гэм зэмээ цайруулчихна гэвэл эндүүрэл.
Хэдийгээр УИХ-ын тухай хуульд гишүүдийг эрх ашиг, албан тушаалаа урвуулан ашиглахыг, мэдээллийн давуу байдлаа ашиглахыг хориглоно гэж заасан байдаг ч хариуцлага хэрхэн тооцох нь тодорхойгүй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, ял шийтгэл авсан тохиолдолд бүрэн эрхээсээ чөлөөлөгддөг. Ерөнхий прокурор шалгагдаж байгаа УИХ-ын гишүүнийш бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал өргөн барих хэдий ч үүнийг парламентаараа хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Ерөнхий прокурорын гаргасан саналд ихэнх тохиолдолд парламент асуудалд орооцолдсон нэгнээ хамгаалан авч үлддэг.
Үүнийг өнөөдрийн жишээ ч тодхон харуулж байгаа. УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх үед парламент бүхэлдээ хамгаалалт хийж, авч үлдээд, Ерөнхий прокурорын саналыг буцаасан. Хэлэлцүүлгийн явцад Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан “Монгол Улсын хуулийг та нар баталж байгаа.Хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс рүү дайраад байж болохгүй. Та нар асуудлаа ялгаж салгаж ойлго. Аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та хэд хаацайлаад л үлдэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Энгийн иргэн, бүрэн эрхтэй гишүүн хоёрыг шалгах өөр шүү. Шударга ёс чинь энэ юм уу. Би шударга ёс тогтоох гэж оруулж ирсэн" гэж хуулийн хүний хариуцлагатай үг хэлснийхээ төлөө гишүүдийн давшилтад өртөж, гэм буруутай мэт гишүүдэд байцаагдлаа. Ийнхүү шударга ёс нэхсэн Ерөнхий прокурор “Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллахдаа хоёр удаагийн тушаалаар ЖДҮ-ийг дэмжих сангаас 99.5 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргаж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Иймд Улсын ерөнхий прокуророос 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гаргасан” тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгнө үү” гэсэн саналаа тэвэрсээр буцсан.
Хугацаатай бүрэн эрх нь дуусгавар болохоор иргэн, компанийн захирлаараа үлдэнэ. Гэхдээ гишүүд бүрэн эрх, албан тушаалаа хамгаалж “Хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн” гэж цаг хожсон жижүүрийн үгийг хэлсээр явна.
Тиймээс УИХ-ын хуулиндаа өөрчлөлт оруулж, уучлал гуйсан бол бүрэн эрх нь цуцлагдах төсөл санаачлаач гишүүд ээ. Хэрвээ энэ заалтыг тусгаж, хариуцлагын босгыг өндөрсгөвөл төрд үнэнчээр зүтгэх сэтгэлтэй түшээд олон байгаа гэх түмний итгэл ч сэргэх нь дамжиггүй.
Н.Энхлэн