Хойд насандаа диваажинд очихгүй, Наран ахын дүү нь болж төрнө гэж мөрөөдсөн хүмүүс зөндөө. Хүний хувь тавилан сонин шдээ, төөрчихөж магад. Тиймээс би энэ насандаа таны өргөмөл дүү болохыг хүсч байна. Дүү л бол дүү шдээ гэж, даврахгүй ээ, амалж байна.
Хүн мэдээж, төрсөн дүүдээ илүү хандана. Тиймээс та эхлээд Б.Одончимэг эгчийн 800 сая төгрөгийн зээлийг төлчих. Угаасаа ч “төлнө за юу” гээд хэлчихсэн, тэ. Бүр нэмээд хоёр тэрбум төгрөгийг хүүгүй өгнө, тайван байцгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо Б.Одончимэг эгч Наран ахын дэргэд “Эрдэнэ мэт” дүү нь болж төрсөндөө л баярлах үлдлээ. Гоё ахтай байх ч гоё юм аа. Цагаахан атаархал шүү.
Харин би цалингийн зээлтэй, Ах аа. Гэхдээ тийм их биш ээ, 800 сая шиг. Бүр дэвэргэж бодоод л 1.5 сая төгрөг. Танд хэлэхэд ичмээр дамшиг л даа, ийм зээлтэй байж ахад алтан хошуу хүргэх нь үнэндээ инээдтэй хэрэг байх. Гэхдээ л би таны өргөмөл дүү болмоор байна. Төрсөн дүүгийнхээ 800 саяын зээлийг төлөөд, нэмээд хоёр тэрбумыг өгөх юм чинь өргөмөл дүүгийн 1.5 сая бол нохойн наадам тэ, Ах.
Сарын 700 мянган төгрөгийн цалинтай, ар гэрээ авч явдаг, эмэгтэйд 1.5 сая төгрөгийн зээл заримдаа үнэхээр том толгойны өвчин болно. Цалин цагтаа буухгүй үед бол шууд л дарамтанд. Таван өдрийн өмнөөс банк сануулсан мессеж илгээнэ. Тэгээд төлөх өдөр болонгуут эдийн засагч эгч залгаад зээлийн мөнгөө дансандаа байршуулаарай гэсэн эелдэг дарамтыг чихэнд хадаана. Ай бас л, аймаар хэцүү. Тэгээд л мөнгө хайж манаргана. Эхлээд захирлаасаа цалингаа сураглана. Захирал тэрбумын хөрөнгөтэй биш болохоор бас хэцүү, байхгүй үе цөөнгүй. Цаашлаад найз руу утасдана, тэрний цалин бас буугаагүй байх нь олонтаа. Эцэст нь ээжийнхээ тэтгэврээс үлдсэн хэдийг авч зээлэндээ хийнэ. Ээ дээ, бас л урд хормойгоороо хойдыгоо нөхөж байгаа биз, Ах. Танд төсөөлөгдөхгүй байж магадгүй л дээ. Гэхдээ муу дүүд нь ийм зовлон байгаа юм аа. Тиймээс л таны өргөмөл ч болтугай дүү болохыг хүсээд л.
Би зөвхөн авсан зээлээ л төлүүлнэ, амалъя. Тэр ЖДҮХС, эсвэл тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ тэр гэсэн төрийн мөнгөнд хуруугаа шургуулаад, зээл аваад өг гэж шангараг алдуулахгүй. Дараа нь Б.Одончимэг эгч шиг юм болвол яана. Бас л таныг олон сэтгүүлч шахаж зогсоогоод “Б.Учрал гэх дүүгийнхээ ... сая төгрөгийн зээлийг та мэдсэн үү, та авч өгсөн үү” гэж зовооно. Та шууд “төлчихнө за юу” гэж хэлэхэд ч хэцүү. Бүр “нэмээд ...тэрбумыг хүүгүй өгнө, тайван байцгаа” гэж ам гарахад ч түвэгтэй. Би ямар таны төрсөн дүү биш, даврахгүй гэж амалсан. Гэхдээ Ах, та 1.05 тэрбум төгрөгийн үнэтэй машинтай, 4.3 тэрбумын малтай, 15 тэрбумын хадгаламжтай, тэ. Би шунаагүй ээ, зүгээр л асуусан юм.
Нээрээ, таны өргөмөл дүү болчихвол гоё байх даа. Дахиад зээл авахдаа санаа зовохгүй. Гэхдээ төрийн ямар нэг сангийн биш, зөвхөн цалингийн зээл. Банкны эдийн засагч утасдвал “Наран ах төлчихнө” гэж амыг нь таглаад л. Наран мэт гэрэлтэх ахын дэргэд Эрдэнэ мэт дүү нь болохсон, үнэхээр гоё байх даа.
Гэхдээ та намайг өргөж авах уу?
Б.Учрал