Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы танхимаас ШУДАРГА ЁСЫГ хайлаа. Тэр “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Хаана байна тэр ёс чинь... Шийдвэр гаргасан УИХ-ын гишүүн нь ингээд сууж байна. Энэ хүний үүрэг даалгавараар шийдвэр гаргасан хүмүүс нь цагдан хоигдож байна. Энэ чинь шударга ёс мөн үү?!” хэмээн парламентаас ШУДАРГА ЁСЫГ эрлээ. Харамсалтай нь энэ танхимаас шударга ёсыг олохгүй гэдгээ тэр ухаарч, эцэст нь дуугаа өндөрсгөж, төрийн түшээдийг загнасан буруутан болон үлдэв. Монголын төрд ШУДАРГА ЁС гэж байдаггүй аж.
Уржигдархан МАН-ын бүлэг, байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг БУРУУТАЙ хэмээн үзэж, ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөв. МАН-ын бүлгийнхэн “арьс”-аа хамгаалахын тулд Б.Батзоригт хариуцлага үүрүүлсэн нэр зүүж, түүнийг сайдын суудлаас нь унагав. Харин өчигдөр түүнийг УИХ-ын гишүүний суудалд нь үлдээлээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр УИХ түүнийг БУРУУГҮЙ гэж үзэв. Ингэхэд Б.Батзориг БУРУУТАЙ юм уу, БУРУУГҮЙ юмуу.
Хоёр өдөр дараалан нэг хүний асуудал хэлэлцсэн УИХ өчигдрийн шийдвэрээ өнөөдөр үгүйсгэлээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөртөө болон УИХ-ын гишүүдэд зээл олгож, ажил албан тушаалын байдлаа урвуулан ашигласан учраас тэр БУРУУТАЙ. Тиймээс ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж байгааг хуралдаанд оролцсон 50 гишүүний 76 хувь нь дэмжиж, “давхар дээл”-ийг нь тайлсан.
Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүний суудалд нь авч үлдэв. Улсын ерөнхий прокуророос Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлт ирүүлсэн. Түүний даалгавраар зээл гаргасан хүмүүс нь хоригдож байгаа учраас эрх олгосон хүн нь хамт шалгагдах ёстой гэсэн хууль ёсны шаардлага тавьсан гэсэн үг. Харин парламент түүнийг хамгаалж, хууль хяналтын байгууллагад ажлаа хийх боломжийг олгосонгүй. Ямар сайндаа ерөнхий прокурор дуугаа өндөрсгөж, төрийн эрх мэдэлтнүүдийг загнаж зандарсан буруутан болохов.
Тэгвэл одоо УИХ-ын гишүүн Б.Батзоригт сонголт байна. Тэр ёсзүйн хариуцлага хүлээж, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм чинь яагаад УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж болохгүй гэж. Тэгээд ч түүнд хуулийн байгууллагад шалгуулах хангалттай шалтгаан байгааг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы танхимаас нийт ард түмэнд зарлалаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1 тэрбум төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн...
Ёсзүй, шударга ёсоор бол энэ УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хангалттай шалтгаан мөн. Гэвч хууль зөрчсөн илт үйлдэлд УИХ-ын гишүүд нүдэн балай, чихэн дүлий хандаж, ШУДАРГА ЁСЫГ олны өмнө уландаа гишгэлээ. Харин Б.Батзориг гэх хувь хүн юу бодож байгаа нь сонин. Тэр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хэдэн албан хаагчаар туг тахиад өнгөрөх үү эсвэл өөрийн хүслээр бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулах уу. ХУУЛИЙН ӨМНӨ ХЭН БҮХЭН ТЭГШ ЭРХ, ҮҮРЭГТЭЙСЭН.
Б.Учрал