УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас чөлөөлсөний дараагаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг УИХ хэлэлцлээ.
Ер нь эрх баригчид ч дотроо талцалтай хэвээр байгаа. Тэдний талцал дээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудал гал дээр тос нэмлээ. Үүнийг өчигдрийн хуралдаанаас харж болно. УИХ дахь тус намын бүлэг өчигдөр үдээс өмнө хуралдахаар товлосон ч хугацаа хойшилсоор ажлын цаг дуусахтай зэрэгцэн хуралдаж, улс төрийн шийдвэрээ гаргалаа. Цаашлаад холбогдох байнгын хороод УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шөнийн 21.00 цагт гишүүдээ цуглуулан дуудаж хуралдан, дүгнэлтээ гаргажээ.
Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд "Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн" тухай дурджээ.
Эрх баригч хүчин 64-ийн бүдүүн бүлэг Б.Батзоригийг авч үлдэхээр улс төрийн шийдвэр гаргажээ. Ер нь эрх баригчдад үүнээс өөр гарц одоогоор байхгүй. Учир нь Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлвэл "бусад"-ынх нь асуудал, намтайгаа хамт хөндөгдөнө. Цаашлаад Засгийн газрыг огцруулах төдийгүй УИХ-ыг тараах 01-ийн санаархал нийгэмд хүчтэй нөлөөлж, улс төрийн тогтворгүй байдал үүсэх магадлалтай.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанидаа болон нэр бүхий УИХ-ын гишүүдэд 950 сая төгрөгөөс 1.4 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн нь илчлэгдээд байгаа. Тиймээс ч салбар хариуцсан сайдын хувьд хамгийн эхний хариуцлагыг эрх баригчид, МАН түүнд тохлоо. Харин зээл авсан нэр бүхий гишүүд МАН-ын дарга, Ерөнхий сайдын үүрэг болгосончлон авсан зээлээ эргүүлэн төлж, ард түмнээсээ уучлал гуйсан "дүр эсгэж" асуудлыг хурдан намжаахыг хичээж явна.
Сөрөг хүчин нэр бүхий гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсныг зохион байгуулалтай үйлдэл, тэр дундаа МАН-ын Ерөнхий нарийн бичгинй дарга хүртэл холбогдсон нь "намын даалгавар" гэж үзэж байгаа. Хэдийгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "намын оролцоо, даалгавар биш" гэдгийг чанга дуугаар хэлсэн ч тусыг эс олов. Учир нь нийгэм төр, засгийнхны луйвар, булхай, хулгайг жигшиг, төрийн түшээдийн хиймэл инээд, худал үгэнд хууртахаа нэгэнт болиод байна.
Н.Энхлэн