Өнөөдөр УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд-ын сайд Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ хэлэлцэнэ. Улсын ерөнхий прокуророос Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өчигдөр хүргүүлсэн байлаа. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэр бүхий гишүүд 950 сая төгрөгөөс 1.4 тэрбум хүртэл төгрөгийн зээл авсан нь олон нийтэд ил дэлгэгдсэн.
Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулан, жижиг, дунд бизнес эрхлэгчээ дэмжих үндсэн зорилготой, жилийн гурван хувийн хүүтэй, эхний хоёр жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх журамтай “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл зорилтот дундаж давхрагынханд хүрэлгүй төрийн өндөр албан тушаалтнуудад хуваарилагдсан нь нийгэмд бухимдал төрүүлж, төр, засагт итгэх итгэлийг улам бүр хөсөрдүүлсэн.
Нийгэмд үүсэн бухимдлыг дарах үүднээс эхний ээлжинд салбар хариуцсан ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулахаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх намынхаа бүлгийн хурал дээр мэдэгдсэн байна лээ. Б.Батзориг сайд ч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн.
Харин одоо хууль хяналтын байгууллага ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнуудыг шалгах үүднээс Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлээд байна.
Үүнтэй зэрэгцээд ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүдийг зээлээ хурдан төлж барагдуулахыг Засгийн газрын тэргүүн үүрэгдсэн. Тиймээс ч нэр бүхий гишүүд эхнээсээ зээлээ төлж, барагдуулж байгаагаа мэдэгдлээ. Тухайлбал, өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ХАС банкнаас зээл авч, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлээ төлснөө мэдэгдэж, олон нийтийг бухимдуулсандаа уучлалт хүслээ. Ер нь төрийн түшээгийн хувьд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй бол нэр цэвэр байх байлаа, Ж.Энхбаяр гишүүний хувьд. Алдарсан итгэлийг буцааж сэргээнэ гэдэг хэцүү гэдгийг эрхэм гишүүд хамгийн сайн мэдэж байгаа.
Ж.Энхбаяр гишүүний энэхүү үйлдлийг бусдадаа үлгэрлэсэн хувь хүний ёс зүйтэй үйлдэл гэж харж болно. Учир нь зээл авсан бусад гишүүд тухайн компаниа үүсгэн байгуулсан ч үйл ажиллагаанд нь оролцдоггүй гэж гүрийсээр байгаа. Бүүр “Тэр зээлийг чинь төлнө шүү дээ” гэж хэдэрлэх нэгэн нь ч харагдсан.
Хэдийгээр сонгон шалгаруулалт тэнцсэн гэсэн тайлбар хэлж байгаа ч мэдээллийн давуу байдал, албан тушаалаа урвуулан ашигласныг ард түмэн тайлбарлалтгүй мэднэ. Нэр бүхий гишүүн олноор ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл авсныг сөрөг хүчин “Дээрээс зохион байгуулалттай явагдсан арга хэмжээ” гэж дүгнэж байгаатай олон нийт ч санал нэг байгаа.
Уг сангийн зээлийг олгох эрх бүхий, гарын үсэг зурсан салбарын сайд Засгийн газрын гишүүнээсээ огцроод зогсохгүй хууль , хяналтын байгууллагад шалгахаар болж УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэн, хэлэлцүүлж байна.
Тиймээс ард түмний татвараас бүрдсэн ЖДҮХС-гаас зээл авсан нэр бүхий гишүүд ч “зээлээ төлчихсөн” гээд өргүй юм шиг гэмгүй царайлаад явахгүй биз. Зээл олгох зөвшөөрөл өгсөн “ангийн андаа” ч бодсон, төрийн нэр хүндийг унагасан гишүүд харицлагаа бас үүрээрэй.
Н.Энхлэн