Монгол Улс анх зах зээлд шилжсэний дараагаар тэр үеийн Улсын бага хурлаас алдарт 20 дугаар тогтоолыг гаргасан байдаг. “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тус тогтоолоор бүх төрлийн барааны үнийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэ тогтоол хэрэгжихийн өмнөх өдөр зарим УБХ-ын гишүүд мэдээллийн давуу байдлаа ашиглан их хэмжээний бараа бүтээгдэхүүн дэлгүүрээс худалдан авсан байдаг. Юмны үнэ хоёр дахин нэмэгдэх байсныг нэр бүхий УБХ-ын гишүүд албан тушаалаа, хувийн зорилгодоо ашигласан тул хаалттай хуралдаанаар ширүүхэн хэлэлцэж, хариуцлага тооцож байжээ. Тухайлбал, Улсын Бага Хурлын гишүүн Б.Дамдин мөнгөний ханшийг хоёр дахин нугалсан 20 дугаар тогтоолыг албан тушаалын дагуу урьтаж мэдээд хэрэгжиж эхлэхээс өмнө дэлгүүрээс их хэмжээний худалдан авалт хийсэн нь илэрч, гишүүнээс сайн дураараа татгалзаж, чөлөөлөгдөж байсан түүхтэй.
Өнөөдрийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компани нь зээл авсан гишүүдийн үйлдэл УБХ-ын гишүүн Б.Дамдингийн үйлдэлтэй агаар нэг. Атал ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий гишүүдийн нэг Н.Оюундарь “Аль болох их мэдээлэлтэй улс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах магадлал өндөртэй” гээд хээв нэг ярьж байна. Түүний хүүгийн “Ред Стар Клуб” 950 сая төгрөгийн зээл авсан.
Нэр бүхий гишүүд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 195 сая төгрөгөөс 1.4 тэрбум төгрөгийн зээл авсныг буцаан нэн даруй буцаан төлүүлэх үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгөөд байгаа. Мөн ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь огцруулахаар шийдвэрлэж, Б.Батзориг сайд ч өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ албан ёсоор гаргаснаа мэдэгдсэн. Жирийн иргэдэд олдоггүй зээлийг төрийн түшээд өөр байгаа мэдээлэлэ хувьдаа ашиглаж тэрбум тэрбумаар нь авсан нь хуулийн хариуцлага хүлээхгүй хэдий ч ёсзүйн асуудал сөхөгдөж байгаа.
Тэгээд ч УИХ-ын тухай хуулийн 37 дугаар зүйлд УИХ-ын гишүүний хориглох заалтад энэ талаар тусгасан байдаг. Үүнд:
37.1.3.УИХ-ын гишүүн гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;
37.1.4. гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;
37.1.6. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг ашиг хонжоо олох зорилгоор, эсхүл сонгуулийн компанит ажилд ашиглах;
37.1.7. хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх зэргийг хориглосон байдаг.
Зөвхөн УИХ-ын тухай хуулиар ч бус олон улсад ч энэ зарчим үйлчилдэг. Өөрийн гаргасан шийдвэр, холбогдох мэдээллээ хувийн зорилгоор ашиглахыг хориглосон байдаг. Иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжиж, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэн, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зориулж Засгийн газраас жилийн гурван хувийн хүүтэй, эхний хоёр жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх зориулалттай энэ зээл энгийн иргэдэд бус эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий компани олгогдсон нь олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргээд байгаа. ЖДҮ-ийн бизнес эрхлэгчид Улсын төсвөөс жил бүр төсвийг нь нэмж тусгасаар ирсэн энэ сангаас биш арилжааны банкнаас жилийн 30 хувийн хүүтэй зээл авч үйлдвэрлэлээ явуулсаар ирсэн.
Тиймээс УИХ-ын тухай хуулийн дагуу нэр бүхий гишүүд хариуцлагаа хүлээ. “Би биш бусдын компани зээл авсан” гэж мэлзэхээ боль.
Н.Энхлэн