Эрх баригчид намын даргын толгой ангалзан өвдөж байгаа нь мэдээж. Толгойлсон нам нь ч, удирдсан Засгийн газар нь ч элдэв асуудалд орооцолдож, суудлаа хэрхэн хамгаалах талаар тархиа гашилгаж суугаа биз.
Өнөөдөр өглөө 10.00 цагт эхэлсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг АН-ын бүлгийнхэн хаяж гарлаа. Тэд “авлигатай, аллагатай, хулгайтай Засгийн газар огцор” гэсэн шаардлагыг тавиад хугацаагүй ажил хаялаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын гишүүдийг зохион байгуулалтай авлигадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дахин шаардаж байна” гэж мэдэгдээд, хаалгыг гаднаас нь хаалаа.
Мэдээж, сөрөг хүчин ийм сиймхийг зүгээр орхихгүй. Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэн хөнгөлөлттэй зээлийн дуулиан гэсэн хоёр том асуудал дараалан дэгдэж, хоёр сайдыг нь буулгалаа. Гэсэн ч сөрөг хүчин болоод олон нийтийн санаа амарсангүй. Хариуцлага хүлээх гурав дахь сайдыг нэхэж байна. Гурав дахь сайд нь огцорвол У.Хүрэлсүхийн толгойны өвчин улам л нэмэгдэнэ.
Сайд нарын асуудлаас үүдсэн өвдөлт дээр УИХ-ыг тараах тухай Ерөнхийлөгчийн санал нэрмээс болж эхэллээ. УИХ-ыг тараах тухай төрийн тэргүүний саналыг эрх баригчид парламент бус Засгийн газар руу зайлуулж чадлаа. МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоёр шаардлага УИХ-ынх биш, Засгийн газрын асуудал учраас парламент тарахгүй гэсэн хариуг барихаар бэлдчихэж. Ерөнхийлөгчийн хэлсэн авлигажсан төсөв болоод жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн хариуцлага УИХ-д биш Засгийн газарт оногдсон гэсэн үг.
УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн саналыг хариуг тун удахгүй өгнө гэж чуулганы индрээс хэлэв. Түүний хэлэх хариу хэдийнэ тодорхой болсон учраас Ерөнхийлөгчийн хүслээр парламент тарна гэж хүлээх хэрэггүй. Харин төрийн тэргүүний өмнөөс өлсгөлөн зарлах хүмүүс биеэ бэлдэж байсан нь дээр.
Тэгэхээр МАН-ын 64-ийг багтаасан парламент Засгийн газраараа туг тахиж магадгүй байдал үүслээ. Сөрөг хүчний шаардлага, Ерөнхийлөгчийн саналаар Засгийн газраа хавсайдаж магадгүй үгийг МАН-ынхан хэлж байна. АН-ын бүлгийн хэлснээр авлигатай, аллагатай, хулгайтай болоод байгаа эрх баригч МАН гал унтраахын тулд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг золиосолж болзошгүй болов. Гэхдээ эрх баригчид дунд Ерөнхий сайд У.Хүрэлсүх суугаа. Тэр Ерөнхий сайдын хувиар танхимаа хамгаалах уу, МАН-ын даргын хувьд намын нэрээ бодох уу.
Б.Учрал