“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлалаа” гэсэн гарчигтай мэдээ дэлхийн хэвлэлээр тарвал сүртэй юу, сүртэй шдээ. Дэлхийн улс орнуудын удирдагчид төрийн тэргүүний суудлаас буусан хойноо өлсгөлөн зарлаж байсан тохиолдол цөөнгүй. Манай улсад ч ийм түүх бий. Монголын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өлсгөлөн зарлаж, “сонсохгүй байна, сонсохгүй байна” гээд хэвтэж байсан цаг саяхан.
Харин улс удирдаж, Ерөнхийлөгчийн сандалд сууж байхдаа өлсгөлөн зарласан түүх дэлхийд ч алга. Анхных нь Монгол Улс болвол “гоё” л байна. Яагаад төрийн тэргүүн нь өлсгөлөн зарлав гээд л дэлхийн чих дэлдийн, биднийг илүү сонирхоно. Эх орондоо ч анхдагч болно. Булганыхан дандаа анхдагч болоод байхаар уйтгартай юм. Баянхонгорынхон бас нэг зүйлээр анхдагч болчихвол нутаг усны нэрэнд нь ч нэмэр хачиртай.
Мэдээж, ерөнхийлөгч илүү глобал зүйлийн төлөө өлсөнө. Хүчингийн хэрэгт холбогддог, улсын төсвийг нутаг нуга руугаа аймаар ихээр татдаг, ЖДҮ-ийн сангаас цавчдаг зэрэг олон “но”-той парламентыг тарахыг шаардана. Товчхондоо дүлий, хэнэггүй түшээдээс Ерөнхийлөгч маань ёсзүй шаардах юм. Монгол Улсын нэр хүнд, төрийн тэргүүний суудлаараа дэнчин тавин байж өлсгөлөн зарлана. Ихээхэн үнэтэй байгаа биз.
Ерөнхийлөгчид бас нэг вариант байгаа. Тэр нь суулт зарлах. Магадгүй Ерөнхийлөгч эхлээд өрөөндөө хэсэг суулт зарлах байх. УИХ-ын гишүүн С.Жавхлан шиг. Манай гишүүн оффшорчдын нэрийг ил болгохыг шаардаж, албан өрөөндөө 81 цаг суулт зарласан. Есөн есын 81 гээд цаг нь ч учиртай. Түүний эсэргүүцлийг хэвтэлт ч гэж нэрлэж болохоор. Дээлээ хөдрөөд хэвтсэн зураг харсан биз дээ. Түүн шиг Ерөнхийлөгч өрөөндөө хэсэг суулт, хэвтэлтийг хослуулж, эсэргүүцлээ арай зөөлөн эхлэх ч магадлалтай. Төрийн тэргүүн 81 эсвэл 99 цаг өрөөнөөсөө гарахгүй суухаар эрхбиш нэгийг бодох байгаа даа, энэ гишүүд. Ээ дээ, дүлий дүмбэ шүү дээ.
Минийхээр бол Ерөнхийлөгч шууд л өлсөж эхэлсэн нь дээр. Өлсгөлөн чинь илүү сүртэй, бас нэг цочроо өгөхөөр. Тэгээд бүр төрийн тэргүүн өлсөж байхад цочирдохгүй бол энэ парламентынхан цайж, цагаандаа гарахын бүр аюултай түвшинд хүрсэн гэсэн үг. “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” гэдэг кино шиг л “Яаж ч магадгүй түшээд” гэж нэрлэхээс өөр аргагүй.
Өлсгөлөнгийн бас нэг сайн тал нь турна, жаахан эрүүл бус уу. Гэхдээ яахав дээ, улсынхаа төлөө юм чинь. Ерөнхийлөгч маань улсын ажил гээд бэлтгэл сургуулилтаа хойш нь тавьж, жин нэмсэн байж магад. Булчингийн масс нь багасвал хайран шдээ. Түүний журмын анд Мэндсайханы Энхсайхан “Ерөнхийлөгчийн эмч нар ажлаа хий. Манай хүн зузаарсан байна шүү” гэж ихэд санаа зовнин, жиргэсэн байна лээ. Тэгэхээр нэг сумаар хоёр бүр гурван ч туулай буудна гэсэн үг. Дэлхийн анхаарлыг Монгол руу татна, УИХ-ын гишүүдийн дүлий байдалд цочроо өгнө бас турна.
Ерөнхийлөгчийн алхмыг ийн таамагласны учир нь УИХ түүний хүслээр тарахгүй. МАН-ын 64 асуудлыг амархан шийдээд, суудалдаа үлдэнэ. Тэгэхээр манай Ерөнхийлөгч суултаа хийж, өлсгөлөнгөө зарлахаас өөр аргагүй гэсэн үг. Яалтай билээ, амнаас гарсан алтан шумуул.
Харин мань нь зүгээр л турна. Шинэ жил ч дөхлөө. Даашинзандаа багтах ёстой. Ерөнхийлөгчтэйгээ хамт турж байгаа гэвэл, ай бас л сүртэй шдээ.
Б.Учрал