АТГ-аас “Энгийн иргэний гэрээс 1.3 сая ам.доллар хураан авсан” хэмээн мэдээлсэн. Харин тэр энгийн иргэн нь БНХАУ-ын иргэн гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцохдоо хэлээд өглөө. Үүнийг Ерөнхийлөгч “...1.3 сая ам.доллар Хятад иргэний гэрээс олдлоо гэсэн шдээ. Энэ үнэн үү, үнэн” хэмээн баталлаа.
Хэрэг ийн эхэлжээ. Дундговь аймгийн харьяат алдарт уяач М ашигт малтмалын лицензтэй байжээ. Түүний энэ тусгай зөвшөөрөл дээр БНХАУ-ын Ван, Ян гэх хоёр иргэн хамтарч, хайгуул хийн, 150 сая орчим ам.долларын алтны нөөц тогтоосон байна. Тэр нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт орших Салхитын орд. 150 сая ам.доллароор үнэлэгдэх алтны нөөц Монгол-Хятад хамтрагчдын шуналыг хөдөлгөж, нэгнээ жийх сэдлийг төрүүлж. Ийн алдарт уяач, хятадын нэг иргэнтэй хамтарч, нөгөө хятадыг жийхээр Монголын ашигт малтмалын төв байгууллагатай сэмхэн шивнэлдсэн бололтой. Харин энэ нууц шивнээг мэдсэн хятад өөрийн мэдлийн хуулийн байгууллагаараа дамжуулан нэгжлэг хийлгэж, нөгөө хятадынхаа гэрээс 1.3 сая ам.долларыг илрүүлсэн байна. Энэ мөнгийг АТГ “нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлсэн” хэмээн тодотгосон. Ингэж чадуулсан хятад өөрийн талын хуулийн байгууллагад бас алтан хошуу хүргэж, хамтрагч хятадынхаа гэрээс нь 100 мянганы нарийвчлалтай ашигт малтмалын зураг хураалгасан сураг байна. Товчхондоо Хятадын хоёр иргэн Монголын баялгийг булаацалдаж “зодолдсон” хэрэг.
Энд хоёр хятад тус тусдаа хуулийн байгууллагатай мэт ойлголт байгаа. Энэ тухай Ерөнхийлөгч Х.Баттулга ...Хоёр хятад хүн бидний баялаг дээр зодолдоод, бидний шүүх хүчний байгууллагыг хоёр хуваасан байна. Вангийн талын шүүгч, Янгийн талын шүүгч. Вангийн талын цагдаа, Янгийн талын цагдаа” хэмээн тодорхой хэлэв. Товчхондоо Монголын хуулийн байгууллага хятадуудад үйлчлээд зогсохгүй, мөнгөнөөс болж хоёр хуваагджээ.
Ерөнхийлөгчийн өгсөн энэ мэдээлэл дунд нэгэн ноцтой баримт бий. Тэр нь “...Нэг талын цагдааг толгойлж байгаа хүн нь социализмын үед бэлтгэгдсэн, нэлээн ахмад, генерал цолтой хүн байгаа шүү. Би хүн гүтгээгүй...” гэх баримт. Тэгвэл Ерөнхийлөгчийн онцолсон энэ генерал хэн бэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар манайд социализмын үед бэлтгэгдсэн хэмээн тодотгох цөөн хэдхэн, гарын таван хуруунд тоологдох генерал буй аж. Ерөнхийлөгчөөс эхлээд хуулийн хүрээллийнхэн хэн гэдгийг нь мэдэж байгаа нь лавтай.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатар, АШГТГ-ын дарга Х.Хэрлэн нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлж байв. Харин одоо хэргийн холбогдогч нь илүү томорч, генерал цолтон болов. Энэ бүхэн Монголын баялгийг булаацалдсан хятадуудын “зодоон”-д Монголын хуулийн байгууллагынхан, бүр өндөр албан тушаалтнууд нь холбоотой болохыг хэлээд өглөө.
Хятадуудын шуналаас үүдэлтэй, Монголын хуулийн байгууллагууд, тэнд ажилладаг, ажиллаж байсан эрх мэдэлтнүүдийн “но”-г илрүүлэх ажиллагаа хаана хүрэхийг харах л үлдлээ.
Б.Учрал