Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах арга замыг судлах ажлын хэсгээс түгээлтийн машинуудыг өглөөний 07.00 цагаас хойш замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх санал гаргалаа. Тодруулбал түгээлтийн машинууд 21.00-07.00 цаг хүртэл замын хөдөлгөөнд оролцож, бараа бүтээгдэхүүнээ дэлгүүрүүдэд хүргэх энэ саналыг НИТХ-ын Тэргүүлэгчид батлах учиртай. Тэгээд ирэх 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс зохицуулалтыг мөрдүүлнэ гэж ажлын хэсэг үзэж буй.
Өдгөө санал болон яригдаж буй энэ асуудлыг эсэргүүцэгчид бас байна. “Нийслэлчүүд өглөө шинэ талх, сүү хэрэглэж чадахгүй” гэх сөрөг коментууд ч харагдав. Тэгвэл үнэн юу вэ? Хамгийн эхний асуулт...Иргэн таны гэрийн ойролцоох дэлгүүр өглөө эрт нээгддэг үү? Өглөөний 08.00 цагт ажилдаа явахтай зэрэгцээд хаалгаа нээдэг дэлгүүрээс талх, сүүгээ аваад цайлж амждаг уу? Хамгийн ойрын жишээ, Тусгаар тогтнолын ордонд байрлах Оргил худалдааны төв өглөө 09.00 цагт нээгддэг. Энэ цагт энэ дэлгүүрээс шинэ талх авна гэж горьдох ч хэрэггүй. Өдрийн 12.00 цагтай зэрэгцэн бүтээгдэхүүн нь шинэчлэгддэг гээд хэлчихвэл нэг их дэгсдүүлсэн болохгүй.
Дараагийн асуулт...таны өглөө авсан талх, сүү шинэ байж чаддаг уу? Өөрөөр хэлбэл тухайн өдрийн он сар талх, сүүний шошгонд байдаг уу? Энэ асуултад бараг хүн бүр ҮГҮЙ гэсэн хариултыг өгнө. Өчигдрийн бүтээгдэхүүнийг шинэд тооцон хэрэглэдэг нь нууц биш. Тэгэхээр түгээлтийн машиныг өглөөний 07.00 цагаас хойш зогсоох нь шинэ бүтээгдэхүүн хэрэглэх хэрэглэгчийн эрхийг хязгаарлана гэж туйлшрах хэрэггүй. Харин ч шөнө болон үүрээр бүтээгдэхүүнээ тараах нь өглөө хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн очих боломж бүрдэнэ. Энэ зохицуулалтад нийцэж, бараа бүтээгдэхүүнээ тарааж чадахгүй бол тэгээд БАЯРТАЙ биз дээ. Өрсөлдөөн бол зах зээлийн хууль.
Улаанбаатар хотод 20 гаруй мянган түгээлтийн машин замын хөдөлгөөнд оролцож байгаа. Өдрийн цагаар давхилдах нь 40 гаруй хувийн шатахуун илүү зарцуулалттай, 70 гаруй хувийн цагийн алдагдалтай байгааг НИТХ-ын дарга хэлж байна. Сургууль, цэцэрлэг, ажил албатай зэрэгцэн 20 000 машин түгжрэлд нэмэр болдог гэсэн үг. Дээр нь бараа бүтээгдэхүүнээ буулгах, зөөх гэж зам дээр 10-15 минутын түгжээ болдог нь ч үнэн. Харин энэ хязгаарлалтыг хийснээр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурна гэсэн тооцоог ажлын хэсгийнхэн хийжээ.
Тэгэхээр түгээлтийн машиныг цагаар хязгаарлах зохицуулалтыг гараа өргөн дэмжье. Энэ зохицуулалтад түргэн мууддаг бүтээгдэхүүн, барилгын материал гэж ялгаварлах шаардлагагүй. Бүх бүтээгдэхүүний түгээлтийг шөнийг цагаар хийж, ХҮНИЙ хэрэгцээг зүй ёсоор хангая. Дээр нь замын ачаалал ч тодорхой хэмжээгээр буурах нь.
Энэ зохицуулалт зөвхөн хэрэглэгч, замын хөдөлгөөнд оролцогчдод таалагдсан юм биш. Бараа нийлүүлэгч компаниудад ч илүү зардалгүй. Наанадаж л түгжрэхгүй учраас шатахууны зардлаа хэмнэнэ. Түгээлтийн машины жолооч нар ч өдрийн цагаар зам дээр түгжирч зогсох бус өөр ажлаа амжуулах боломжтой.
Энэ бүхнийг тооцсон ажлын хэсгийн саналыг үг дуугүй дэмжье. Хотын удирдлагууд ч энэ саналыг дэмжиж, ирэх он гэлтгүй ирэх сараас хэрэгжүүлж эхэлмээр байна. Угаас удирдах түвшний шийдвэр хэн бүхэнд таалагдах албагүй. Хэсэг бүлгийн ашиг сонирхол бус нийслэлийн гурван сая иргэний эрх ашиг тэргүүнд тавигдах учиртай.
Б.Учрал