Багш нарын ажил хаялт үргэлжилж байна. Хичээлийн шинэ жилээ ч нээлгүйгээр багш нар ажил хаялт зарлаж, Сүхбаатарын талбайд суулт хийж, төр, засгаас цалингаа 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж байна. Одоогийн байдлаар 82 сургууль, 28 цэцэрлэг ажил хаялт зарлажээ. Энэ тоо цаашид нэмэгдэх эсэх нь чухал биш Засгийн газар, үйлдвэрчний эвлэл зөвшилцөлд хүрэх эсэх нь гол асуудал болоод байгаа.
Манай улсын хувьд хичээлийн шинэ жил эхэлснээр их амралт дуусгавар болж, амьдрал ердийн хуваарьтай ордог онцлогтой. Гэтэл энэ хичээлийн шинэ жилээр зарим сургууль, цэцэрлэг ажил хаялт зарласнаар хүүхдүүдийн хичээл хоцорч, зарим нь гэртээ хараа хяналтгүй орхигдож байна. Багш нар хэдхэн хоногийн хичээлийн хоцрогдлыг нөхөөд заачихна. Харин хүүхдүүд багшийн хоцрогдлыг нөхөх гэж шахаж заасан хичээлийг оюун ухаандаа бүгдийг нь багтааж амжих уу. Хэдийгээр энэ нь тодорхой цаг хугацааны асуудал ч хүний эрх, эрх чөлөө гэж цээжээ дэлдэх ярих дуртай энэ нийгэмд хүүхдийн сурч боловсрох эрх багш нарын ажил хаялтаар зөрчигдлөө. Бусдын эрхээ миний эрх хязгаарлагддаг. Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардах эрхтэй ч, хүүхдүүдийг сургах эрхээ зөрчиж болмооргүй.
Багш нарын төдийгүй нийгмийн массын авдаг цалин бага ч “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, өрхийн төсвөө зохицуулсаар ирсэн, зохицуулж ч байгаа. Уг нь Засгийн газар багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдэж, эхний ээлжинд 8-12 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тодруулбал, энэ есдүгээр сараас багш нар нэмэгдсэн дүнгээр цалин авч байгаа. Ажил хаясан сургуулиудын багш нар ч үндсэн цалингаа бүтнээр нь авна гэдгийг БСШУС-ын сайд хэлж байна лээ.
Багш нар шаардсан хэмжээнд цалингаа нэмэгдүүлтэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэж байгаа бол Засгийн газрын зүгээс цалинг инфляцитай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхээ дахин дахин мэдэгдэж байгаа юм. “Багш нарын цалинг шаардсан хэмжээнд нь нэмэгдүүлвэл эдийн засагт сөрөг үр дагавар гарч ирнэ. Засгийн газарт өр тавьж, цалин нэмэх боломжгүй” гэсэн тайлбарыг Сангийн сайд хэлсэн. Хэрвээ Засгийн газар цалинг нэмэгдүүлэх бол энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай. Намрын чуулган эхлээд ирэх оны төсвийн хэлэлцэн хуулийн хугацаанд баталдаг. Үүнтэй зэрэгцээд төсөвт тодотгол хийж болох ч энэ жилийн тухайд төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулалт оруулсан гэдгээ Засгийн газар эртнээс мэдэгдэж байсан.
Энэ өдрүүдэд Сангийн яам, НХХЯ, БСШУСЯ, Үйлдвэрчний эвлэлийн 3-4 хүний төлөөлөлтэй хамтарсан зөвшилцлийн ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа юм билээ. Гэхдээ л өнөөдрийг хүртэл ойлголцолд хүрээгүй байгаа нь харамсалтай. Засгийн газрын зүгээс багш нарыг ажил хаялтаа зогсоож, зөвшилцлөө үргэлжүүлье гэсэн саналыг тавьж, цалинг үе шаттай нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа юм.
Багш нарын ажил хаялтын хөшигний ард МАХН байгаа гэсэн бор шувуу нэгэнтээ ниссэн. Энэ өнцгөөсөө нийгмийн сэхээтний давхрагын төлөөлөл багш нар улс төрд “барьцаалагдаж”, ажил хаялтаа үргэлжлүүлэх үү, зогсоох уу гэдэг нь тэдний ухамсрын асуудал болоод байна. Эрх баригч хүчин МАН Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн хугацааг ҮХЦ-д маргаан гаргаснаар хойшлуулсан бол Н.Энхбаяр даргатай МАХН сөргүүлээд багш нарын эмзэг сэдвийг барьцаалж, ажил хаялтыг зохион байгуулж, эрх баригчид руу турхирч байна гэж ажиглагчид харж байгаа. Учир нь энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд МАХН тэр дундаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өрсөлдвөл ялах магадлал судалгаагаар байтугай массын хандлагаар ч өндөр байсныг тэд онцолж байгаа юм. Түүнээс бус жирийн багш нар цалингаа бага багаар ч болов нэмэгдүүлэх шаардлага ч тавьж, хичээлээ ч заасаар байх юм.
Тиймээс эрх ашгийн төлөөх улс төрд “хавчуулагдсан” багш нарын ажил хаялт, сурах эрх нь зөрчигдсөн хүүхдүүд гээд саарал өдрүүд үргэлжилсээр байх уу.
Н.Энхлэн