Замын түгжрэлээс өмнө ажилдаа цагтаа очих нь нийслэлчүүдийн асуудал болоод байна. Өглөөний сэрүүлэгний дуунаар бус түгжрэл эхлэхээс урьтаж ажилдаа очихоор нийслэлчүүд яаран босч, өглөөг угтах боллоо. Түгжрэлээс болж хагас цаг бус 1-2 цагаар хоцорч, нийтийн тээвэр, таксинаасаа замын дунд бууж, дамжин суусаар өглөөг эхлүүлж байгаа нь өнөөдрийн нийслэлчүүд бидний бодит төрх.
Уг нь манай улс эдүгээ “иргэн баян бол улс баян” гэсэн лоозонг урдаа барьж, ардчилсан нийгэмд шилжээд 30 шахам жил болох гэж байгаа. Хүний эрх, эрх чөлөөг өнгөрсөн хугацаанд ч, өнөөдөр ч амны уншлага болтлоо ярьдаг. Гэвч нийслэлчүүдийн эхлэх шинэ өглөөнөөсөө эхэлж зөрчигдөн, түгжирсээр эхэлдэг.
Улсын хүн амын тал хувь нь нийслэлд хотдоо оршин суудаг, орж гардаг гэсэн тоо баримт бий. Хүн ам нь нийслэлдээ төвлөрсний сөрөг үр дагавар нэг нь түгжрэл бол эерэг тал нь хүрээгээ тэлсэн хөгжил баймаар.
Түгжрэл ярихаар ачаалал их, нийслэл Улаанбаатарыг анх 500 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн гээд мэргэжилтнээсээ эхлээд аль ч үеийн хотын хийгээд төр, засгийн удирдлагууд тэртээ XX зууны социалт нийгмийн үеийн 70-аад оныг жишээлэн ярьж эхэлдэг. Тэгвэл өнөөдөр анх тооцоолсон хүн амын тооны адил автомашин Улаанбаатар хотод сүлжилдэж, энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр өдөрт нийслэлийн хэмжээнд 450 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа байна. Улирлын онцлогоос шалтгаалж, хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан 90 гаруй мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтэрсэн байна. Тиймээс автозамын хөдөлгөөний ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах үүднээс дээрх ажлууд хийгдэж эхэлжээ. Тухайлахад, Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ. Мөн Хүүхдийн ордны баруун хойд уулзварт зүүнээс баруун тийш эргэх нөхцөлийг бүрдүүлэх гэнэ.
Нийслэлийн хөгжлийн бодлогыг баталсан ч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлээгүй ирсний үр дүн өнөөдөр түгжрэлээр үргэлжилж байгаа. Ер нь төвлөрлийг сааруулахгүйгээр түгжрэл арилахгүй гэж хэн хүнгүй ярьдаг. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулийн төсөлд нийслэлийг тойрсон дагуул хотууд байгуулахаар тусгасан. Мөн Ерөнхийлөгчийн санаачлагаар Төв аймгийн Сэргэлэн суманд “Майдар хот” байгуулах төсөл ч яригдаж байна. Түүнчлэн “Хөгжлийн алтан гурвалжин” санаачлагын хүрээнд таван аймаг, нийслэл хотын удирдлагууд санамж бичиг байгуулж, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах үүднээс хүн ам зүй үйлдвэрлэл, боловсрол нийгмийн байгууламжийн хувьд хэрхэн хамтран ажиллахаар ярилцаж байгаа гэсэн. Гэвч энэ бүхэн одоогоор цаасан дээрх зураглалаас хэтрэхгүй байгаа. Энэ бүхнээс хамгийн ойрын хугацаанд хэрэгжих магадлалтай нь нийслэлийн төр, захиргааны байгууллагыг Яармаг руу нүүлгэн шилжүүлэх ажил. Гэхдээ тэнд нийслэлийн шинэ төр, захиргааны барилга баригдаж дуусвал 33 агентлаг, 3500 албан хаагчид Яармаг руу ажилдаа явснаар хотын төвийн түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байгаа. Өнөөдрийн тухайд Яармаг дахь нийслэлийн барилгын ажил шав тавьсан төдий л эхлэлтэй байгаа гэсэн.
Нийслэлийн хотын түгжрэлийг багасгаж, төвлөрлийг сааруулах, дагуул хотуудаар хүрээгээ тэлэх төлөвлөгөө цаасан дээр буулгасан огноогоор бус ажлын үр дүнгээр илэрхийлэгдэнэ. Ямартай ч өнөө маргаашдаа бус урт хугацааны зорилтот төлөвлөгөөгөөр шийдэгдэх асуудал.
Өнөөдрийн тухайд зам засвар,өргөтгөлийн ажлын хүрээнд зарим уулзваруудыг хаахаар шийдвэрлэсэн байна лээ. Тиймээс энэ онд байтугай ирэх жилдээ ч бид түгжрэлтэй эвлэрэхээс өөр гарцгүй болоод байна.
Н.Энхлэн