Маргааш есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр. Хүүхэд багачууд эрдмийн саруул танхимдаа тохой нийлэн суух ангийн нөхөдтэйгээ уулзахаар яаран буй. Гэвч Нийслэлийн хэмжээнд засвар нь эхлээгүй, дуусаагүй 18 цэцэрлэг, сургууль бий бөгөөд эдгээрийн хичээл есдүгээр сарын 1-нд эхлэх боломжгүй гэдгийг албаныхан хэлсэн. Хаалттай сургууль, цэцэрлэгт хамрагдан сурах багачууд хаачих вэ?
Тухайлбал Нийслэлийн СХД-ийн 127 дугаар цэцэрлэг аравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлэх гэнэ. Учир нь тухайн цэцэрлэгийн засварын хөрөнгө, мөнгө наймдугаар сарын сүүлээр буюу хэдхэн хоногийн өмнө орж ирсэн аж. Иймд засварын ажлаа саяхнаас эхлүүлсэн тул аравдугаар сараас хүүхдүүдээ авч эхлэх юм байна.
Уг нь сургууль, цэцэрлэгийн засварын ажил зуны гурван сард хийгдэж, есдүгээр сарын 1-нд “будаг нь ханхалсан” саруул, танхим сурагчдаа угтдаг даа. Гэтэл хичээл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Улсаас засварын мөнгийг нь шилжүүлж, есдүгээр сарын 1-нд засварын ажил дөнгөж эхэлж буй нь төрийн ажил “цалгар” байгааг харуулж байна. Бусад нь яахав гэхэд сургууль, цэцэрлэгийн асуудалд ийм хойрго хандаж болох уу.
Аравдугаар сарын 1-нд хичээл нь эхлэх боломжгүй хэд хэдэн цэцэрлэг бий. Тухайлбал Багануур дүүргийн 138 Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг, ХУД-ийн 121, 44 дүгээр цэцэрлэг, БГД-ийн 164 дүгээр цэцэрлэг, БЗД-ийн 146 дугаар цэцэрлэг, ЧГД-ийн 102, 19, 174 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлүүд, 18 дугаар цэцэрлэг 2018 оны есдүгээр сарын 1-нд хичээл эхлэх боломжгүй гэдгийг НМХГ-аас мэдээлсэн. Эдгээр цэцэрлэгийн хүүхэд бүр засварын ажил дуусах хүртэл гэртээ үлдэнэ.
Нийслэлийн хэмжээнд энэ жил цэцэрлэгт хамрагдах 146 мянга орчим хүүхэд байгаагаас 114 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болсон. Цэцэрлэгийн хүрэлцээ, хүртээмж муугаас цэцэрлэгийн элсэлтийг сугалаа сугалуулж, азтайг нь сонгон элсүүлдэг байсан бол энэ жил элсэлтийг цахимаар явуулж санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүдийг сонгосон юм.
СХД-ийн 127 дугаар цэцэрлэгт шинээр бүртгүүлж, цахим элсэлтэд “азаар” сонгогдсон А.Баяржаргал охины ээж, аав нь хоёулаа ажилтай. Гэвч охиныг харах хүнгүй тул аав нь аравдугаар сар хүртэл ажлаасаа чөлөө авахаар шийджээ. А.Баяржаргал охин шиг өөр олон хүүхэд ийн харах хүнгүйгээс гэртээ цоожлогдож үлдэх, эсхүл ижий аавынх нь хэн нэгэн ажлаа орхих зэргээр асуудлыг шийдэж буй нь мэдээж.
Хавар сургууль, цэцэрлэг амрахад том төсөвтэй, олон тоотой, сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт хийх тухай албаныхан ярьдаг ч намар нь засвар дуусаагүй, бүтээн байгуулалт эхлээ ч үгүй байх нь хачин.
2018-2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд 52 цэцэрлэг, 34 сургууль, 3 бага сургууль, 5 спорт заал баригдах хөрөнгө, төсөв батлагдсан. Эдгээр төслүүд нь 2018-2019 онд дамжин хэрэгжих аж. Тендер шалгаруулалт 70 хувьтай явж байгаа бөгөөд ихэнхи нь 2019 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох юм байна. Ингэснээр ирэх жил цэцэрлэгийн хамран сургалт харьцангуй өндөр хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. Тодруулбал өнөө жил цэцэрлэгийн хамрагдалт 77.6 хувьтай байгаа бол 2019 онд цэцэрлэгийн хүртээмж 85 хувьд хүрэх төлөвтэй байгааг Нийслэлийн боловсролын газрын санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр хэлж байсан.
Г.Сүрэн