Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, нэгнээ хөнөөжээ. Ажлын байр гэдэг нь Зам тээврийн хөгжлийн яам. Ж.Бат-Эрдэнэ сайдын хэлснээр Төрийн яам. Эхний асуудал Төрийн яаманд яагаад архидав?!. Хариуцлага хаана байна?
Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдов. Танхимаа бүрдүүлсэн тэрбээр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдууллаа. Тухайн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар нэн тэргүүнд анхаарч ажиллана.
Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана” хэмээн мэдэгдэв.
Анхны хуралдаан дээр хэлсэн төрийн албаны ХАРИУЦЛАГА гэх Ерөнхий сайдын үг ХАЧИР төдийхөн байсныг архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн дарга нарын үйлдэл харууллаа.
Хариуцлага гэх үг амнаас нь хамгийн их гардаг Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг нэрлэж болно. Хуралдаан, уулзалт бүрт энэ үг давтагддаг. Тухайлбал, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын семинарын үеэр "Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгана. Ингэж байж төсвийн сахилга бат сайжирна. Эдийн засгийн уналтыг зогсооно. 2018 оны гол зорилго, зарчим энэ байх болно" гэж Ерөнхий сайд хэлж байв. Гэвч бодит ажил хэрэг дээр төрийн албаны сахилга бат, хариуцлага гэх зүйлс алдагдаж, зах замбараагүй болсныг бэлээхэн харууллаа. Нэгнийхээ аминд хүрч, ил болсон нь энэ удаагийн тохиолдол. Далд, арын өрөөнд архидалд хичнээн явагдаж буйг хэлэх боломжгүй. “Буян” Жаргалсайхан цахим хуудсандаа “Ерөнхий сайдаасаа эхлээд "Арын өрөөнд ороод 50 грамм виски татаад гар" гэдэг заншил гэмээр зүйлээ өөрчлөгдөхгүй бол албан байгууллага дахь архидалт тасрахгүй” хэмээн бичиж. Арын өрөөний “аймаар” зүйлсийг бодох л хэрэгтэй.
Сөрөг хүчний зүгээс энэ асуудалд Ерөнхий сайдаас хариуцлага нэхэж байна. Төрийн яаманд төрийн албан хаагчид нэгнээ хөнөөсөн асуудалд албан ёсны байр сууриа илэрхийлэхийг шаардлаа. Мөн салбарын сайд ёсзүйн хариуцлага үүрэх ёстойг ч сануулав. Хамгийн их ярьсан хариуцлага гэх зүйлээ одоо бодит байдал дээр харуулахыг АН-аас шаардлаа.
Товчхондоо Засгийн газарт шууд хамаарах Зам тээврийн хөгжлийн яаманд болсон эл асуудал гүйцэтгэх засаглал дэнжигнэхэд хүргэж болзошгүй нь. Сөрөг хүчин энэ асуудлаар удаа дараа байр сууриа илэрхийлж, шаардлага, сануулга өгсөөр байх нь мэдээж. Мөн эрх баригчдын эсрэг талд зогсч буй хэсэг нь ч энэ асуудлыг шалтиг болгохыг үгүйсгэхгүй.
Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх үгээ хэлэх нь зүй ёсны асуудал. Засгийн газрыг тэргүүлж эхэлснээс хойш үргэлжид, дахин давтан ярьсаар буй хариуцлага, ёсзүй, сахилга бат гэх үгсээ бодит байдал дээр хэрхэн хэрэгжүүлж, яаж тооцохоос түүний суудал ихээхэн хамаарна.
Б.Учрал