Би наймдугаар ангид ордог жилээ ч сумын наадмаар даага унаж уралдаж байлаа. Барианы цагаан зураас хүрэхэд ердөө ганцхан алхмын зай үлдсэн, унаж уралдсан даага маань айргийн тавд хурдалж байтал зуузай холбож явсан дааганы унаач хүү миний жолооноос угз татаж арагшлуулаад даага, бид хоёр зургаад орчихож билээ.
Морь барианы хоёр талаар ангийн хүүхдүүд нилдээ зогсчихсон “Гуядаад өг, гуядаад өг, үү аа, 8а, 8а” хэмээн алга нижигнүүлж, шүгэлдэхийг сонсоод учиргүй их ичсэн. Наймдугаар ангийн, хэдий нь өсвөр насны охин болсон ч сумын наадамд даага унаж уралдсан нь надаас өөр манай ангид байсангүй л дээ. Ядаж ангийнхан харсаар байтал урагшгүй гэдэг нь айргийн тавд багтаж чадаагүй дээ баахан шаралхаж билээ. Жил жилийн наадмаар үүнийг л нэхэн санаж, өнө эртний дурсамжаас нэг их баясал мэдэрдэг юм.
Ер нь миний багад наадам бүхэлдээ “жаргал” мэдрүүлдэг байлаа. Зуны амралт эхлэнгүүт аавынхаа бөөрөнд наалдаж аваад гэр рүүгээ мотоциклтой сүнгэнэнэ. Маргаашнаас л “Аав аа морьдоо баръя. Саахалт айлынхан хурдан морьдоо барьчихлаа” хэмээн өрсөн шална. Удалгүй аав гэрээс нэлээд зайтай гурван цээл уяа зоож, сан тавьж, уяаны шонд хийморийн дарцаг зүүснээр уяа морьдоо барина.
Хурдан морьдоо барьчихвал би гэдэг хүн өдөржин уяан дээр өнждөг байлаа. Өөрийгөө уяач мэтээр төсөөлж, морьдын хөлсийг хусна, хөхөл сүүлийг нь бооно, морьдтой ярилцана, тэгснээ өөрийгөө шоолж түс хийтэл инээд алдана. Морь хачин зөөлөн хамартай амьтан. Бүгдийнх нь хамрыг илэх гэнэ. Омголон нэгэн нь ойртуулахгүй тургилахад баахан “гомдоно”. Уяан дээр зүүрмэглэж зогсоо морьдоо харжээ суугаад уяан дээрээ унтаад өгчих нь цөөнгүй.
Манай галынхан наадам болохоос арав гаруй хоногийн өмнө уяа морьдоо хөтлөөд сум руу хөдөлнө. Ээж гоёлын дээлнүүдээ баадагнан, аав морьдоо эмээлээд, багачууд бид уяа дүүрэн гийнгоон дуу хадаан замдаа гарна.
Одоогийнх шиг наадмын өмнөх өдөр морьдоо ачаад л хэдхэн цагийн дотор хүрчихгүй, үргэлж хөтөлж, алхуулна. Уяа морьдыг хөтлөөд ширүүн давхиж болохгүй, зөвхөн алхуулж, газрын холыг туулдаг байлаа. Унаачид хавь ойрын элдэв шалдав олон зүйлийг ярьсаар, зарим нь үүрэглэж, мориноосоо түс хийтэл унаад өгөх нь ч бий. Нэлээд газар дөхсөн даруйд оройн сэрүүн ормогц морьдын “ажлаа” хийхээр нил ногоон талд майхангаа барьж хоноглоно. Ээж зуухаа зэрэглэж, гал өрдөх нь “гоё”. Цэнхэр утаа суунаглаад л, хөх хомоолын утаа үнэрлэх хачин сайхан. Хээрийн хоол бүр “янзын”.
Аав минь нэг их хурдан удмын адуутай, хурдлуулдаг ч хүн байсангүй. Хүүхдийн “урам” юм даа хэмээгээд, үнэндээ намайг л эрхлүүлэх гэж их ажлын хажуугаар зав гаргаж морь уяна. Наадмын өглөө мордуулахдаа намайг, морьтой минь хамт сангаар арвилна, бурхан шүтээнд мөргүүлнэ. Тэгээд дөрөөн дээр сүү дусаагаад “Хүүхэд, хүлэг хоёр минь эсэн мэнд ирвэл болоо доо” хэмээгээд мордуулдаг байлаа.
Харин би бол дотроо “Заавал түрүүлнэ” гэж шаралхана. Барианд орж ирэхэд айргийн таван морьдыг л наадамчин олон тогтож үзээд, хойгуур орсон морьдыг тоож ч харахгүй. Унаж уралдсан морь маань явахгүй, алхуулсаар барианд дөхөхөд аав маань л тосож угтаад “Миний охин сайхан уралдлаа. Алив аав нь үнсье. Ийм мундаг охиндоо аав нь ундаа авч өгнө, хуушуур авч өгнө” гээд угаасаа л авч өгөх юм байж, сайн уралдсан болохоор л урамшуулж байгаа мэт албаар “худлаа” ярихад нь нэг их уурладаг байж билээ. “Би түрүүлэх байсан юм” хэмээн хошуу унжуулахад “Тийм ээ. Миний охин ааваас нь өөр сайн уяач морийг нь уясан бол түрүүлэх байсан” хэмээхэд нь сая нэг санаа амарч авч өгсөн хуушуурыг нь амтархан иддэг байж билээ. Одоо харин наадмын хуушуур идэх бүртээ энэ тухай бодохуйд амт нь үргэлж “шорвог” санагддаг. Яагаад тийм дураараа, яасан их эрх танхи байгаа вэ гэхээс аавыгаа өрөвдмөөр болох юм.
Энэ бүхнийг наадам бүрийд нэхэн санахаар аавдаа л очмоор болдог. Намайг эрхлүүлж морь уядаг, намайг тайтгаруулж хуушуур авч өгдөг байсных нь хариуд өнөөдөр би аавдаа Улсын баяр наадмын хуушуур аваад очмоор байна.
Г.Сүрэн