“Суудал өнцөгдсөн” хаврын чуулган
2018-06-28

 

Хаврын чуулган маргааш хаалтаа хийнэ. Хаврын чуулганы хугацаанд парламент хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлж, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй хүүхдүүдийн 80 хувьд олгохоор болсон нь олон нийтийн чих тавин хүлээсэн асуудлын нэг байлаа. Ер нь хаврын чуулганаар хүүхдийн мөнгийг бүх хүүхдэдээ олгох уу, олгох хүрээг нэмэгдүүлэх үү гэдгийг олон нийт харж байсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох хууль дэмжигдэхгүй гэдгийг ажиглагчид хэдийнэ доторлож байлаа.  Тэдний таамаглал ч биеллээ олж, Засгийн газрын өргөн барьсан хүүхдийн мөнгийг олгох хүрээг нэмэгдүүлэх хуулийн төсөл батлагдаж, цаашид “Бүх хүүхдүүддээ хүүхдийн олгох асуудлыг судална. Олон улсын валютын сантай зөвшилцөөд амрын чуулганаар хэлэлцэнэ” хэмээн Солонгос драм шиг үгийг сунжруулсаар ирэх баригчид хаврын чуулганаа хаах гэж байна.

 

 Хаврын чуулганаар хамгийн их хөндөгдсөн асуудал бол гишүүдийн ёсзүй, хариуцлага. Чуулганы нээлт дээр УИХ-ын дарга М.Энхболд “Иргэдийг бухимдуулж, төрдөө итгэх итгэлийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Тиймээс хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ хэмээн би сонгогчдодоо амласан” гэдгийг онцолж байсан.

 

Үнэхээр ч хаврын чуулганы хугацаанд хоёр гишүүн нь хүчингийн хэрэгт холбогдон шалгуулж,  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д хоёр ч удаа хүргүүллээ. Хуулийн хугацаанд шахагдан гишүүдийнхээ асуудлыг хэлэлцсэн парламент Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан юм.

 

Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч томилогдоод УИХ-ын тогтоолд хэдэнтээ хориг тавьж байсан ч хүлээж авч байгаагүй. Энэ удаад парламент эмэгтэй УИХ-ын гишүүдийн гэхээсээ нийгмийн эсэргүүцэлтэй тулсан тул  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас өөр гарц байгаагүй.   Цаашлаад Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх бус чөлөөлөгдөх улс төрийн шийдэлд эрх баригчдын ч, өөрийнх нь зүгээс хийхэд хүрсэн.  Өөрт нь холбогдсон хүчингийн хэрэг улс төр байсан, үнэн зөвийг нь шүүхээр тогтоолгоно гэдгийг залуу гишүүн Д.Гантулга мэдэгдэлдээ дурдаж байсан. Гэхдээ хувь хүнийг ёсзүй, хариуцлагыг олон нийт шаардаж байгааг ухаарах эсэх нь иргэн Д.Гантулгын асуудал.

 

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн тогтоолоо хүчингүй болгосон ч Д.Муратад хамааралгүй аж. Хуулийн заалтаараа Ерөнхий прокурор Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дахин оруулж ирсэн тохиолдолд хэлэлцсэн гэсэн тайлбарыг УИХ-ын хуулийн зөвлөх хийж байна лээ.  Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлснөөр асуудлыг хаах уу, Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин оруулж ирэх үү гэдэг Ерөнхий прокуророос бус улс төрийн тохирооноос хамаарна.

 

Хаврын чуулганаар УИХ-д нэг суудлын орон гарч, хуулийн дагуу нөхөн сонгууль зарлан явуулахаар боллоо. Сонгуулийн хуульд заасны дагуу нөхөн болон дахин сонгуулийн санал авах өдрийг жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт эвсэл 10 дугаар сарын эхний долоо хоногийн ням гаригт товлохоор тусгажээ. Тиймээс энэ удаад  УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 10 дугаар сарын 07-нд явуулах товыг гаргаад байгаа юм. Хэнтий аймаг дахь УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардалд 200 гаруй сая төгрөгийг тусгасан байна лээ.

 

УИХ-ын гишүүдийг тойрсон асуудал үүгээр намжаагүй. Парламент дахь үнэмлэхүй олонхи эрх баригч хүчин дотроо хагаралтай байгаа. Тус намын дотоод асуудал савнаасаа хальж, парламент дахь 65 дотроо 33:32-ын бүлгээрээ талцан хуваагдаад байгаа. Хэдийгээр өнгөрсөн намар Засгаа сольж, намын их хурлаа хийж, даргаа сонгон, шинэчлэл эхлүүлсэн ч “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй”-тэй адил хагарал эвлэрлээр үргэлжлээгүйн жишээ өнөөдөр тодоор харагдаж байгаа. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлыг сөхөж, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөж, шалгуулахыг шаардаж байгаа бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг АТГ-д шалгуулахаар өгсөн байгаа.

 

Нэгэнтээ хаагдсан “60 тэрбум”-ын асуудалтай холбоотой материалуудыг дэлгэж, томилгооны талаар нам, бүлгийн хуралдаан дээрээ ярихад бэлэн гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн бол Ц.Нямдорж сайдыг АТГ-т очиж мэдүүлгээ өгөөч гэж сөрөг хүчнийхэн “хатгаж” байна лээ.  Парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон хэдий ч улс төрийн талцал, хагаралын явцад хэдэн ч гишүүний бүрэн эрх хөндөгдөж, шалгагдаж мэдэхээр...

 

УИХ-ын гишүүдийн ёсзүй, хариуцлагаа чангатгахаар УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулж, ирцийг хурууны хээгээр бүртгэх төсөл өргөн барьж байгаа нь  дээрх хөндөгдөөд байгаа асуудлуудын дэргэд “ичмээр дамшиг”.

 

Ийнхүү ханш нээгдсэнтэй зэрэгцэн эхэлсэн хаврын чуулган гишүүдийн тухайд “суудал өнцөгдсөн” харшилтай байлаа.

Н.Энхбат

 

 

 

Shuud.mn
Сонин хачин