Хүүхдийн мөнгийг тойрсон улс төр үргэлжилж байна. Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудал багтсан байлаа. Засгийн газар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүрээг нэмэгдүүлж, 80 хувьд нь олгохоор хуулийн төсөл өргөн барьсан бол Ерөнхийлөгч “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан.
Хоёр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжээд, ажлын хэсэг гарган хамтатган хэлэлцэх шийдвэрт хүрсэн билээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн асуудлыг хэлэлцэх ажлын хэсгийнхэн нэгдсэн шийдвэр хүрэхээр нэлээд цаг хожиж, дараагаар нь байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд ч удаа дараа хойшилсон. Ингээд хэдэнтээ хойшилсон асуудал өчигдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдлээ.
"Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн ажлын хэсэг өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдэлд хүрчээ.
Байнгын хорооны хуралдаан дээр гишүүн С.Бямбацогт “Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт л хүүхдийн мөнгийг нь олгочихъё л доо. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүүхдийн мөнгө авч буй 60 хувь нь угаасаа авдагаараа авч л таараа. Харин хүүхдийн мөнгө авалгүй үлдсэн 40 хувиас хэн хүүхдийн мөнгө авах хүсэлтэй байгаад нь нэмээд өгчихөд л асуудал аяндаа шийдэгдэнэ” гэсэн санал дэмжигдээгүй байна. Мөн гишүүн Ж.Батзандангийн гаргасан “Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11.-д заасан нийгмийн хамгааллын босго шугамын оноог шинэчлэх, хүүхдийн мөнгө аваагүйгээс хуримтлагдсан хөрөнгийг хүүхэд хөгжлийн сан байгуулж төвлөрүүлэх нь зүйтэй” гэсэн саналыг ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлэг аваагүй байна. Харин байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох Засгийн газрын төслийг дэмжжээ.
Ийнхүү хаврын чуулганаас хойш хоёр сар хэлэлцэхээр дуншсан хүүхдийн мөнгөний асуудалд эрх баригчид Засгийн газраас оруулж зорилтот бүлгийн 80 хувьд хамаарах хүүхдүүд олгохоор тас гүрийх нь. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачлан оруулж ирсэн хуулийн төсөл УИХ дээр унаж, буцаагдсаар ирсэн. Харин энэ удаагийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг 100 хувь олгох төсөлд эрх баригчид хууль санаачлагчид нь шууд буцах боломжгүй улс төрийн нөхцөл үүссэн. Тиймээс ч хүүхдийн мөнгөний хоёр хуулийн төслийг хамтатган хэлэлцэх дээрх ажлын хэсгийг байгуулж, дахин хэлэлцүүлсэн дүр эсгэж, олон нийтийг нүдийг хуурах улс төр хийлээ. Санал нэгдээгүй байна, ирц хүрээгүй гэх зэрэг цаг хожиж хэлэлцүүлгийг хойшлуулсаар эдүгээ Эх үрсийн баяр тулсан энэ улстөрчдийн өөрсдийнх нь ярьдагаар “цаг хугацааны хайчилбар”-т орж, шийдвэр гаргахаас өөр зам үлдсэнгүй.
Хүүхдийн мөнгийг 80 биш 100 хувь бүгдэд нь олговол төсвийн зарлага нэмэгдэхээс гадна ОУВС- тай байгуулсан гэрээ хэлцэлд сөргөөр нөлөөлөх нэн халтай зүйл аж. Учир нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг энэ онд зорилтот бүлгийн 60 хувьд олгох зөвшилцөлд хүрсэн байсан. Бид дахин хэлэлцээр хийгээд зорилтот бүлгийн 80 хувьд олгох зөвшилцөлд хүрсэн” хэмээн гишүүдийн амыг таглаж байна лээ. Харин өнгөрсөн хоёр сарын хуагцаанд зарим төрлийн барааг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх хуулийг баталсан. Ингэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт ч , төсвийн баталсан орлогод нөлөөлөх сөрөг талгүй хэмээн аядуу зөөлөн хандлага илэрхийлж, шуурхай батлуулна лээ, Сангийн сайд. Ер нь Засгийн газар татварын хөнгөлөлт дээр аядуу зөөлөн хандаж, хүүхдийн мөнгө олгох асуудалд төрийн төмөр нүүрийг харуулж байна гэхэд хилсдэхгүй.
Оюуны өмч улсын бүртгэлийн газраас 2018 оны 03 сард гаргасан тоогоор Монгол улсад нийт 1.140.000 хүүхэд байна. Тун удахгүй болох Эх үрсийн баяраар эрх баригчид Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүрээг нэмлээ хэмээн мэндчилгээ дэвшүүлэх байх. Хүүхдийн мөнгөнөөс гадуур орхигдсон бяцхан үрсэд энэ нь хамааралгүй л дээ. Тэгээд ч дүр эсгэсэн улс төр бүүр ч явуургүй.
Н.Энхбат