У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар томилогдож, танхимаа бүрдүүлээгүй байхад нь дараагийн Засгийг байгуулах тухай явган яриа түгсэн билээ. Өнөөдөр ч байгуулагдаад жил болоогүй байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах сонирхол сөрөг хүчинд төдийгүй УИХ дахь МАН-ын бүлэг дэх 32-ын талынханд бий.
Сөрөг хүчин АН-ын бүлэг хэдийнэ Засгийн газрын хоёр сайдыг огцруулахыг шаардсан бичгийг У.Хүрэлсүх сайдад хүргүүлсэн. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг бусдын байранд түрээсийн мөнгө төлөлгүй олон жил амьдарч, “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийсэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ах дүү нартайгаа хамтарч орд газрыг бусдад худалдсан, Төсвийн хуулийг зөрчсөн гэх зэрэг үндэслэлийг огцруулах шаардлагад дурдсан билээ. Харин Засгийн газрын зүгээс “гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй нөхцөлд Засгийн газар шийдвэр гаргах боломжгүй” гэсэн албан хариуг сөрөг хүчинд хүргүүлснээ мэдэгдсэн. Нэгэнтээ хугацаатай шаардлага хүргүүлсэн сөрөг хүчин өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцээд “Ерөнхий сайд шаардлагыг хүлээн авч огцруулах асуудлыг хэлэлцүүлсэнгүй. Энэ нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж байна гэж АН-ын бүлэг үзэж байна. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн асуудлаар ҮХЦ-д хандана” гэсэн шийдэлд хүрчээ.
Учир нь сөрөг хүчин дангаар хэн нэг сайд, эсвэл Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулан хэлэлцүүлэхэд дэмжлэг авахгүй. Сөрөг хүчний 10 гишүүн дээр бие даагч С.Жавхлан, гурав дахигч хүчний төлөөлөл О.Баасанхүү нэмэгдээд ч үнэмлэхүй олонхи 65-ын өмнө хүч дутна. Үүнийгээ ч УИХ дахь АН-ын бүлэг мэдэх байтугай мэдэрч байгаа. Тиймээс л ҮХЦ рүү хандсан биз.
Харин эрх баригч хүчин МАН-ын бүлэгт, тэр дундаа 32-ын бүлэгт Засгийн газрын сайд нарыг огцруулах асуудал оруулж ирэхэд дэмжих эрхэм нэг бус байгаа. Тэр дундаа өмнөх Ж.Эрдэнэбатын Засгийн газрын танхимын гишүүдийн гомдлын шарх өнөө аних байтугай, цаг хугацаа өнгөрөх тусам сэдэрсээр байгаа нь ажиглагддаг. Арга ч үгүй юм, намын даргынх нь удирдаж байгаа Засгийн газар “өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийг 5.1 хувьд хүргэж, валютын нөөцийг нэмэгдүүлсэн. Эдүгээ сонгуулиар амласан намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, бүтээн байгуулалт өрнүүлэн, иргэдэд эдийн засгийн өсөлтийг мэдрүүлнэ. Цаашлаад мега төслүүдээ хэрэгжүүлж, Тавантолгойн ордыг хөдөлгөнө” хэмээн чангаар дуугарч байгаа. Үнэндээ эдийн засаг өсч, валютын нөөц нэмэгдэх, ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх суурийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар тавьсан. Энэ нь Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн хэлснээр “Намаа биш улсаа бодож ажилласан”-ы үр дүн юм. Хичээж зүтгэн хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн бусдаар авторлогдаад явж байгаад хэний ч урам хугарч, ундууцах нь мэдээж.
У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараагааар эрх баригч хүчин Их хурлаа хийж эв нэгдлээ ил зарласантай зэрэгцээд эрх ашгийн далд зөрчилдөөн ил цухалзсаар ирсэн. Энэ нь Засгийн газрын асуудал УИХ-аар хэлэлцэгдэхэд тод илэрдэг. Экс сайд нар Засгийн газрын гишүүдийн оруулж ирсэн асуудлыг шүүмжилж, өмнө нь хэрэгжүүлж байсан ажлуудын хэрэгжилтийг лавлан, “шалгалт” авдаг талтай. Тухайлахад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Б.Чойжилсүрэн нар энэ Засгийн газарт шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Тэр байтугай УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Засгийн газрыг огцруулах асуудал оруулж ирвэл дэмжинэ” гэсэн байр сууриа илэрхийлсэн байна лээ.
Үнэмлэхүй олонхи эрх баригч хүчин МАН хоёр жилийн дараа сонгогчдоос ажлынхаа дүн, үнэлгээг авна. Тиймээс эрх баригчид хүчин хоорондоо хагаралдах бус Засгаа тогтвортой байлгаж, хамтарч ажиллах хугацаа тулаад байгаа, уг нь. Гэвч эрх баригч хүчний дотоод тэмцэл нь эвлэлдэхээс нэгэнтээ өнгөрсөнийг Засгийн газрыг огцруулах асуудал сөхөгдөх бүрт ажиглагддаг.
Хэрвээ Засгийн газрыг огцруулах асуудал чуулганы босго давбал намын нэр хүнд гэхээсээ МАН орших уу, эс оршихуйн асуудал яригдана. Учир нь өнөөдөр эрх баригч хүчний даргын удирдсан Засгийн газар ажиллаж байгаа. 200 мянган гаруй гишүүнтэй МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ дахь 65-ын бүлгийн 32 эрхэмтэй ойлголцох эсэхээс лидер үү, лойдор уу гэдгээ ч харуулах юм.
Ер нь түмэн олон амгаланг хүссэндээ төрийг тогтвортой байлгахаар МАН-д итгэл хүлээлгэснээс бус эрх мэдлээ булаацалдан, ээлжилж Засаг барьж “тоглох”-ыг нь харах гэсэн юм биш.
Н.Энхбат