“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлыг тандсан судалгаагаар улстөрчдийн рейтэнгээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлж, МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нар удаалсан бол эрх баригч хүчин хамгийн доогуур үзүүлэлттэй гарчээ.
Энэ бол парламент дахь үнэмлэхүй олонхи МАН-ын өнгөрсөн хоёр жилийн үйл ажиллагаанд олон нийтийн өгсөн үнэлэлт, дүгнэлт гэж болно. Төрийн эрх барьсан хоёр жилийн хугацаанд МАН хүчин өмнөх эрх баригчдыг шүүмжилж нэг хэсэг хугацаа алдсан. Өнгөрсөн оноос эдийн засгийг тогтворжуулахаар ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар валютын нөөц нэмэгдэж, төр дансандаа мөнгөтэй болоод байгаа. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд жил дараалан эдийн засаг өссөн үзүүлэлтэй гарсан ч энэ нь иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй байгааг олон нийт шүүмжилж, ямартай ч эрх баригчдын чихэнд хүрснийг энэ хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгнээр нотлогдоно. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд “Бид эдийн засгийг хямралаас гаргасан” гэдэг. Тэгвэл эрх баригчдад нар тусч, иргэдээс хямралын сүүдэр арилаагүй л байгаа. Тэгээд ч өнгөрсөн хоёр жилд бүтээн байгуулалтын ажил нэлдээ зогсож, царцаасан ажлуудаа цаасан дээр дугаарласаар ирсэн.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, төр мөнгөтэй болсон ч энэ оноос хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хамаарах 60 хувьд олгож эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд зарим эцэг эхчүүд хүүхдийн мөнгөөрөө өрхийн төсвийн нэг хэсгийг бүрдүүлсээр ирсэн. Тэдгээр айл өрх зорилтот бүлэг дэх жагсаалтын гадна, хүүхдийн мөнгөнөөс танагдсан нь өрхийн төсөвт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байгаа. Улсын төсвийг танаад танаад танагдаггүй, зарлага нь нэмэгдсээр байдаг бол өрхийн төсвийг танахад хумигдсан орлого шууд л мэдрэгдэнэ.
Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хувааж, алагчилсан эрх баригчид идэр гурван есийн хүйтэн тачигнасан өдрүүдэд цоо шинэ загварын “lexus” машинаар тансаглаж байхад айл өрх хэрэглээгээ танаж, нүүрсээ шуудайгаар нь зөөн бор өдөр шар хоногийг өнгөрүүлж байсан нь гашуун үнэн. МАН төрийн эрх барьсан хугацаандаа Засгаа огцруулж, дараагийнхыг байгуулж, албан тушаал, эрх ашгийн төлөөх хагарал нь одоо ч үргэлжилсээр байгаа. Хэдийгээр эрх баригч хүчин муу нэртэй байдэг гэдэг ч үг, үйлдлийн зөрүү нь хоёр жилийн өмнө МАН-д өгсөн иргэдийн итгэл нэгэнтээ салхинд хийссэнийг өнөөдөр улс төрийн намын рейтэнгээрээ навс унасныг дээрх судалгаа харуулж байна. Өөрөө ойчсон МАН уйлахгүй л байлгүй. Намын дарга У.Хүрэлсүхийгээ дөрөвдүгээр бичигдсэн нь овоо доо, чамлахаар чанга атга гэдэг.
Үнэмлэхүй эрх баригчдыг ардаа орхиж рейтэнгээрээ тэргүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын тухайд улс төрийн алсын хараа, лидерийн бодлого гэх цаасан малгай өмгөх хэрэггүй. Ерөнхийлөгчөөр сонгогдоод ажилласан 9 сарын хугацаанд эрх баригчдын бодлого шийдвэрт шүүмжлэлтэй хандсан гэхээсээ УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл нь буцаагдаж, байр суурь нь олонхид дарагдсаар ирсэн. Тэгээд ч Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд иргэдтэй хийх уулзалтаа үргэлжлүүлсээр ирсэн. Энэ бүхэн Ерөнхийлөгчийг өмгөөлөх, өмөөрөх сэтгэлзүйг масст төрүүлсэн нь тодорхой.
Өнөөдрийн тухайд Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл эрх баригчид дэмжихгүй буцааж болохгүй нөхцөл үүссэн. Тиймээс нь Засгийн газрынхаа өргөн барьсан хуультай хамтатган хэлэлцэхээр ажлын хэсэг байгууллаа. Учир нь хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох төслийг дэмжихгүй, буцаавал угийн унасан МАН-ын рейтэнг 2020 оны сонгуулиар ч дахиж сэргээхээргүй болж, бусад улс төрийн хүчинд барих “бэлэг” болохоор байлаа.
Нөгөөтэйгүүр сөрөг хүчин АН-ын рейтэнг ч нааштай гарсангүй. Парламентад цөөнхийн цөөнх сөрөг хүчнийг бүрдүүлж байгаа ч эрх баригчдын үйл ажиллагааг хянах, шаардлах эрх нь АН-д бий. Тиймээс ч эхнээсээ шаардлага, мэдэгдлээ хүргүүлсээр байгаа. Гэхдээ АН-ын рейтэнг олон нийтийн дунд өсөхгүй байгаа нь намын дотоод үйл ажиллагаанаас үүдэлтэй. АН асуудалд холбогдсон нэгнээ түших бус түлхэх бодлого барьж, лидерүүдээрээ талцсан нь тэдний рейтэнгийг өсгөх боломжийг өгсөнгүй. Тухайлбал, тус намаас “Оюутолгой”-н асуудлаар С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар шалгагдаж байгаа. С.Баярцогтын асуудлыг хэвлэлээр шуугихтай зэрэгцээд намын гишүүнчлэлээсээ хасах шийдвэр гаргасан. Үүнийхээ дараагаар тус намын удирдлага “шалгагдаж байгаа нөхдөө хэн хэнийг нь хамгаална” гэж хичнээн тайлбарласан ч “өнгөрсөн бороон хойноос цув нөмрөхтэй адил” байлаа.
Харин парламент дахь гурав дахь хүчний төлөөлөлтэй бие даасан тоглолт хийж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр нар улс төрийн рейтэнгээрээ тэргүүлсэн нь нэг талаас гайхаад байх зүйлгүй. Учир нь тэд 2020 оны сонгуулийн гараагаа нэгэнтээ эхэлчихсэн.
Эрх баригчдыг нийслэлд бүгж, Төрийн ордон хавиар албан тушаал булаацалдан хагаралдаж байх зуур МАХН-ын удирдлагууд хөдөө орон нутгийг зорьж, ард иргэдтэй саналаа хуваалцаж, олон нийтэд таалагдсан төслөө нэгэнтээ боловсруулаад хэлэлцүүлж байна. МАХН болон бусад хүчний хамтарсан Шинэ дээд Үндсэн хуулийн төсөлд сурч боловсрох, орон сууцанд орохоос эхлээд залууст үнэ төлбөргүй үйлчилгээг нэвтрүүлнэ гэсэн мөрөөдлийн жагсаалт хөвөрч байгаа.
Эдүгээ эрх баригчдын бүрэн эрхийн хугацаа талдаа ороод байна. Тиймээс цаасан дээр төлөвлөсөн амлалт, төслөө ажил хэрэг болгох эсэх нь эрх баригчдын үйлдлээс хамаарна. Харин иргэдийн тухайд дараагийн сонгууль дөхөх тусам ирэх баригчдад итгэл, найдвар тавиад байдаггүй, дараагийн сонголтоо төлөвлөчихсөн байдаг.
Тиймээс ирэх жилүүдэд хэрхэн ажиллах, амласнаа хэр биелүүлэхээс улстөрч, улс төрийн намуудын ирээдүй шийдэгдэнэ.
Н.Энхбат