Өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Рио Тинто компанийн төлөөлөлтэй Төрийн ордонд хаалттай уулзалт хийв. Уулзалтын талаар тодорхой мэдээлэл үгүй бөгөөд хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй гэх таамаг байна. Ринто Тинто компанийн төлөөлөл яаран ирж, төрийн сайдтай уулзалт хийсний шалтгаан тодорхой. Гэхдээ яг ямар асуудлаар тохиролцоо хийхээр ирсэн нь бүрхэг.
Оюутолгойн гэрээг гардан хийсэн хоёр ч Ерөнхий сайдыг хорьж, шалгах ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцээд УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулан, ажиллаж эхлэв. Мөн сөрөг хүчин Ардчилсан нам ч ажлын хэсэг байгуулж, Оюутолгойн гэрээг шалгаж, санал дүгнэлтээ гаргахаар болов. Төрийн хууль тогтоохоос эхлээд хяналтын байгууллага ийн ажиллаж байх хооронд нийгмийн сүлжээнд Оюутолгой төслийг зогсоох уу, Рио Тинто Монголоос гарах уу гэхчлэнгээр таамаг хөвөрч, олон нийт эргэлзээн дунд байна.
Саяхан Рио Тинто компаниас Сангийн Яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамд хаяглан, захидал ирүүлсэн тухай Ikon.mn сайт мэдээлж байв. Тус захидалд татварын маргааныг хамтран шийдэх саналыг Монголын талд тавьсан аж. Татварын Ерөнхий газраас Оюутолгойд тавьсан 155 сая ам.долларын актыг харилцан тохиролцох замаар шийдэх утга тус захидалд агуулагдаж байсан бололтой.
Энэ захидлын дараахан Оюутолгойгоос 11 тэрбум төгрөгийг Засгийн газрын дансанд шилжүүлсэн гэнэ. Татварын асуудлаа зохицуулж эхэлж буй гэсэн үг.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гар дээрээ ийм захидал хүлээн аваагүй гэж өчигдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв. Тэрбээр “Одоогоор надад захиа ирээгүй. Ирвэл нөхцөл байдлыг тодруулсан, асуусан зүйлс ирэх байх. Тэр үед нь хариу өгье” хэмээн сэтгүүлчийн амыг таглав.
Тэгэхээр эндээс хэд хэдэн асуулт урган гарна. Рио Тинто компани гурван сайдад хаяглан, захидал ирүүлсэн нь үнэн үү? Засгийн газар, Д.Сумъяабазар сайд тэр захидлыг нууцлав уу? Захидалд татварын маргааныг зохицуулах асуудал тусгагдсан уу эсвэл Рио Тинто Монголоос гарна гэж Засгийн газрыг шахаж эхэлсэн үү?
Оюутолгойн далд уурхайн гэрээг Дубайд хийхдээ татварын маргааныг цэгцэлсэн, тохиролцсон гэдэг. Гэвч Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тохиролцоог У.Хүрэлсүхийн танхим хүлээн зөвшөөрөөгүй бололтой. Энэ тухай Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өмгөөлөгчөөрөө дамжуулан “Өмнөх Засгийн газрын кабинетаараа шийдсэн шийдвэрийг дараагийн эрх баригчид үндэслэлгүйгээр үгүйсгэдэг, зохиомол шалтгаанаар хилсээр гүтгэдэг асуудалдаа хууль хяналтын байгууллагыг татан оролцуулдаг байдал хавтгайрлаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Нэгэнт нөхцөл байдал хүндэрсэн учраас Рио Тинто Монголоос гарах бус харин ч нөхцөл байдлыг зөөллөх арга хэрэглэхээр шийдсэн байж болзошгүй. Эхний ээлжинд өмнөх тохиролцоог үл зөвшөөрсөн Засгийн газарт захидал илгээж, түүнийхээ баталгаа болгон 11 тэрубум төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ бүхэн Рио Тинто компани Оюутолгойгоос тийм ч амархан гарахгүй, гараа татахгүй гэдгийн илэрхийлэл байж болох. Цаашлаад Рио Тинтогийн төлөөлөл Засгийн газартай үүссэн болоод шинэ нөхцөл байдлыг ярилцахаар яаран ирсэн хэмээн таамаглаж болно.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Оюутолгой төслийг зогсоох, гацаах асуудал угаасаа байж болохгүй” хэмээн эрс шулуун байр суурийг илэрхийлсэн. Түүний энэ үгийг Засгийн газрын байр суурь хэмээн хүлээн авч болно. Учир нь татварын орлогод нэлээдгүй жин дардаг Оюутолгойгоос татгалзах хүсэлтэй эрх мэдэлтэн одоогоор үгүй биз. Монголын нөхцөл байдал ч тэгтлээ халгиж, цалгиагүй байна.
Б.Учрал