Энэ оноос хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт хамаарах 60 хувьд олгож ирсэн. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд Засгийн газар хүүхдийн мөнгийг олгох хүрээг 20 хувиар нэмэгдүүлж, 80 хувьд олгох төслийг УИХ-д өргөн бариад байна. Учир нь эдийн засаг сайжирч, улс дансандаа мөнгөтэй болсон гэсэн үндэслэлийг Засгийн газар хэлж байна.
Ямартай ч улс мөнгөтэй, байна. Соц үед “Улс баян бол иргэн баян” байсансан. Гэвч зах зээлийн нийгэм “иргэн баян бол улс баян” гэж уриалсан. Улсын данс улайж, өр, зээлд автсан ч хөрөнгөжсөн иргэдэд сөргөөр нөлөөлөөд байдаггүй тал ардчилсан нийгмийн жишиг аж. Гэхдээ хөрөнгөжсөн хэсэг бол нийгмийн цөөнхийн цөөнх.
Харин нийгмийн халамж шаардсан эмзэг давхрагынхан гэлтгүй, дундаж давхрагынханд ч эдийн засгийн хямрал хүндээр тусч нийгэм нэлэнхүйдээ хямардгийг бид 20 гаруй жилийн хугацаанд мэдэрсээр ирсэн. Эрх баригчид эдийн засаг сэргэж байгаа гэж ярьж буй ч нийгэмд хямрал үргэлжилсээр байгаа.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн сахилга батыг хангах үүднээс хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг олгохоос төсвөө хэмнэж эхэлсэн. Хүүхдийн мөнгөнөөс хас агдсан хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхчүүд улс, орны эдийн засгийн байдлыг ойлгож хүлээн авсан хэдий ч, сайд, дарга нар хэрэглээний зардлаа танаагүй, тансаглал нь нэмэгдсэн байсныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн будаг нь хатаагүй, цоо шинэ, хамгаалалтаар тоногдлогдсон “Lexus-570” гэрчилнэ. Гэснээс одоог хүртэл сайд Ц.Нямдорж олны хэл ам хүрсэн үнэтэй машинаа албан хэрэглээндээ ашиглаж байгаа юу, эсвээс бусдад шилжүүлсэн үү гэдгийг хэн ч мэдэхгүй.
Энэ долоо хоногт УИХ хүүхдийн мөнгийг тодорхой хувьд нэмж олгох хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас өргөн барьсан төслөөр нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгохоор төсөл өргөн бариад байгаа. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн санаалчлан өргөн барьсан нийт хүүхдэд “Хүүхдийн мөнгө олгох тухай” хуулийн төслийг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “хүүхдийн мөнгө гэдэг бол халамж биш манай улсын хүн амаа өсгөх бодлого, хүүхдийг багаас нь баян ядуу хэмээн ялгаварлаж, төрөөс алагчилж үзэж болохгүй” гэсэн байр суурьтай байдаг. Сөрөг хүчин ч энэ байр суурийг дэмждэг.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Эдийн засаг өсөлттэй байгаа боловч Монгол Улсын урьд өмнө нь хуримтлагдсан өр авлага их байгаа. Олон улсын валютын сантай тохиролцсон хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох байсныг Засгийн газар ярилцсаны үндсэнд 80 хувьд хүргэсэн. Би хувь гишүүнийхээ хувьд хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоод явах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн. УИХ дахь МАН-ын бүлгийн даргын байр суурь бол эрх баригчдын байр суурь гэсэнтэй агаар нэгэн. Тиймээс энэ удаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл УИХ дээр дахин унах нь. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг томилогдсоноос хойш түүний өргөн барьсан хуулийн төсөл УИХ-д олонхийн дэмлэг авалгүй унасаар ирсэн. УИХ дахь үнэмлэхүй олонхи өөрсдийн бодлогоо хэрэгжүүлж, цөөнхийн цөөнх сөрөг хүчний санал нэмэгдээд ч асуудал Ерөнхийлөгчийн талд шийдэгддэгүй үйлдэл энэ удаад ч давтагдах нь. Нэгэнтээ “Манай Засгийн газрыг бүх хүүхдүүд “Хүүхдийн мөнгө” олгох шийдвэр гаргасны төлөө огцруулсан шүү” гэж УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат хэдэнтээ хэлсэн удаатай ч намын бодлогоо барих биз.
“Хүүхдийн мөнгө” болох 20 мянга олон хүүхэдтэй айл өрхөд амьжиргаагаа залгуулахад нэмэр болсоор ирсэн. Гэвч эдийн засгийн хямралтай сүүлийн жилүүдэд “хүүхдийн мөнгө”-ний “ханш ч унасан”-ыг гэдэгтэй маргахгүй биз.
Хэрвээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дэмжигдэхгүй бол хүүхдийн мөнгөний дүнг нэмэгдүүлэх хувилбар дэвшүүлбэл ямар вэ. Эрх баригчид хасагдсан 20 хувийнханд оногдох мөнгийг хамрагдсан хэсэгт шилжүүлэн, төсвөөс цөөн төгрөг нэмж тусгаад хүүхдийн мөнгийг 20 биш 40 мянга болгомоор Энэ нь нийгмийн эмзэг бүлгийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд ч нэмэртэйсэн.
Н.Энхлэн