Хаврын бүтээн байгуулалтын улирал эхэлж, нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнуудын ажлын цагийг 08.00-17.00 цаг болгон, 30 минутаар урагшлуулах шийдвэрийг хотын удирдлагууд гаргасан. Өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа энэ шийдвэр Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах, бүтээн байгуулалтын улирлын бүтээмжтэй холбогдон гарсан.
Манай улс дөрвөн улирлын онцлогоосоо шалтгаалж, хавраас, намрыг дуустал бүтээн байгуулалт өрнүүлдэг. Гэхдээ өвлийн улирал улсын төсвөөр хийгдэх ажил “нам зогсдог”-оос бус зарим хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтаа хүйтний улиралд ч явуулсаар байдаг билээ. Эдүгээ хувийн хэвшлийнхэн хэдийнэ бүтээн байгуулалтаа эхлүүлж, үргэлжлүүлсэн байгаа. Харин улсын төсвөөр хийгдэх зарим ажлууд хаана, хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа гэсэн.
Хаврын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын улирал эхэлс энтэй холбогдуулан иргэд эдийн засгийн өгөөж хүртэхийг эрх баригчдаас хүлээж байгаа. Харамсалтай нь энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад эдийн засгийн томоохон ордуудаа хөдөлгөх талаар нэг ч , өгүүлбэр тусгагдаагүй. Эдийн засгийг огцом, хурдтай дээшлүүлдэг салбар бол уур уурхай.
Өнгөрсөн хугацаанд эрх баригчид хямарсан эдийн засгийг сэргээхээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдан, санхүүгийн сахилга батыг барьж ажилласны үр дүнд өнөөдөр гадаад валютын нөөц нэмэгдэж, эдийн засаг өсөлттэй гарч, тэр байтугай хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох шийдвэр гаргаад байгаа билээ. Гэхдээ эрх баригчдад мэдрэгдсэн эдийн засгийн өсөлт энгийн иргэдийн амьдралд чимх ч хүртээлгүй байна. Иймээс л иргэд “эрх баригчид эдийн засгийг цаасан дээр өсгөснөөс хөрсөн дээр буулгаагүй” гэж шүүмжилж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Засгийн газар уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлэх бодлого гаргаж байгаа нь талархалтай ч улам цааш ахиж Монголын эдийн засгийг үсрэнгүй хэмжээнд аваачих илүү том зүйлд тэмүүлэх шаардлага гарч байна. Өнөөдөр экспортод гарч байгаа гол түүхий эдийг боловсруулах тавхан үйлдвэр байгуулахад экспортын орлого өнөөдрийн таван тэрбум америк доллараас 30 тэрбумд хүрч зургаа дахин өсөхөөр тооцоо байгаа. 100 мянгаар тоологдох шууд болон шууд бус ажлын байр бий болно. Энэ бол ойрын таван жилд хэрэгжүүлж болох ойрын зорилт юм. Засгийн газарт эдгээр төслүүдийг удаа дараа танилцуулсан. Одоо хийх л үлдлээ” хэмээн иргэдийн хүлээлт дээр хүч нэмсэн үг хэлж байлаа.
Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд “Хэрвээ хямрал тогтворжиж, эдийн засаг өсөж байгаа бол үр шим нь яагаад бидний амьдралд мэдрэгдэхгүй байна вэ гэж иргэд асууж байна. Энэ асуултад тодорхой хариулт өгөх ёстой. УИХ-аас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлахдаа бодит салбарыг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн. Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, ДулааныIII цахилгаан станцын 250 МВТ, Чойбалсангийн ДЦС-ын 50 МВТ-ын өргөтгөл зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэж тэнд тусгасан. Таван толгой-Гашуун сухайт, Нарийнсухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Уртчиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хэвээр байгаа.
Эдийн засаг, төсөв,санхүүгийн байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлдэг зэс, нүүрсний үнэ өссөн. Үнэ ойрын үед тогтвортой хадгалагдана гэж шинжээчид үзэж байгаа. Ийм таатай байдлыг ашиглахгүй алдвал амаа барихад хүрнэ. УИХ-ын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа бол хэлэлцэхэд бэлэн байна. Засгийн газар саналаа оруулж ир. Хаврын чуулганы хугацаанд багтаан том төслүүдээ хөдөлгөе” хэмээн гүйцэтгэх засаглалд үүрэг чиглэл, зөвлөмжийг давхар дайсан билээ.
Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ, урд хөрштэй худалдаа, эдийн засгаа улам өргөтгөн, өөрсдийн нэмүү өртөг шингэс эн экспортын бараагаа түлхүү нэмэгдүүлэх, дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн билээ. Цаашлаад айлчлалаа өндөрлөөд Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний бүлэг ордод ажиллаж, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзса. Ингэхдээ Тавантолгойн ордын ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэн, төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан юм.
Тиймээс энэ удаагийн төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үг, гаргасан шийдвэр хаврын салхинд хийсээд алга болчихгүй хэрэгжиж, иргэдийн амьдралд эдийн засгийн өсөлт тусаасай гэсэн хүлээлтийг иргэд тээсээр байгаа.
Ер нь өнгөрсөн хугацаанд эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадсан, иргэдийн эргэлзээг тайлж чадаагүй хэвээр байгаа нь өнөөгийн төр, засгийнхны гашуун үнэн.
Н.Энхлэн