Бүсгүй та хэзээ нэг өдөр хайртай хүнээсээ “Хэний ч хүүхэд юм билээ” гэх хүйтэн хөндий үгийг сонсч байсан уу? Итгэл найдвар дээр гишгэсэн энэ үгийн ард нэгэн амьдрал нурж, нэгэн гэр бүл сарниж байдаг гэвэл хэтийдсэн болохгүй биз. Хүн бүр хардах эрхтэй. Хажуу айлын Доржийн хүүхэд байх эсвэл найз Болдынх биз гэхчлэнгээр ургуулан бодож, үрээ үгүйсгэх нь эр хүний эрх. Харин энэ эрхээ хэтрүүлэн эдэлсэн тохиолдолд бүсгүйн, хүүхдийн хувь тавилан ээдэрнэ.
ДНК-ийн шинжилгээний төлбөр 80 000-100 000 төгрөг
Манай улс 1970-аад оноос эхлэн эцэг, эх тогтоох шинжилгээг хийж эхэлжээ. Харин 1990-ээд оноос судалгаа төгөлдөржиж, шинжилгээг ДНК-ийн түвшинд хийдэг болсон байна. Одоогоор 15 үзүүлэлтээр шинжилгээний хариу гаргадаг бөгөөд дэлхийн аль ч улсынхаас зөрөхгүй гэдгийг ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Ганболд хэлж байна. Хэдийгээр дэлхийн жишгээс төдийлөн хоцроогүй ч тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх шаардлага байгааг тэрбээр хэлэв.
ДНК-ийн шинжилгээнд өртөг ихтэй урвалж бодис, өндөр чадвартай тоног төхөөрөмж ашигладаг. Нэг хүний шинжилгээнд 80-90 мянган төгрөгийн урвалж бодис хэрэглэдэг байна. Эцэг тогтоолгох шинжилгээнд гэхэд аав ээж, хүүхэд гээд гурван хүний шууд зардал нь 250 000 төгрөг болдог аж. Чамгүй зардалтай учраас хүсэлт гаргасан иргэд ч тодорхой хэмжээний төлбөр төлнө. Эцэг эх тус бүрдээ 80-100 мянган төгрөгийн төлбөр төлдөг бол Засгийн газрын тогтоолоор хүүхдээс мөнгө авдаггүй зохицуулалттай юм. Цус, угтай үс, амны хөндийн дотор талын арчидасаас авч 3-4 үе шатаар дамждаг шинжилгээний хариу ажлын 10 хоногт гардаг аж.
Зүрх үгүйсгэсэн ч цус батална
ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газарт жилд 300 гаруй ДНК-ийн шинжилгээ хийгддэг. Гурван зуун хүүхдийн эцэг эсвэл эхийг тогтоодог гэсэн үг. Сүүлийн таван жилийн хугацаанд өссөн энэ үзүүлэлтийн ихэнхийг эрчүүд, нэг үгээр хэлбэл эцэг тогтоолгох шинжилгээ эзэлдэг. Бүсгүйн хүсэлт, шүүхийн захирамжаар хийсэн шинжилгээний 75 хувь нь батлагддаг. Өөрөөр хэлбэл сэтгэл зүрх нь хичнээн үгүйсгэж, эргэлзлээ ч цус нь ЭЦЭГ ҮР МӨН болохыг нотолдог гэсэн үг. Тэр нотолгоо хичнээн цаг хугацаа өнгөрлөө ч өөрчлөгдөхгүй. ДНК-ийн шинжилгээг 10, 20 жилийн дараа өгсөн ч цус, шүлс нь эцэг үрийн холбоог баталсаар байна.
ДНК-ийн шинжилгээний хариутай маргалддаг цөөхөн хувь гаргадгийг биологийн ухааны доктор, дэд профессор С.Ганболд хэлж байна. Жилийн 300 гаруй хүсэлтийн 2-3 хувь нь өөр шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр давтан шинжилгээ өгдөг аж. Гэхдээ хариу нь өмнөхөөс зөрж байсан нэг ч тохиолдол гараагүй гэнэ.
ДНК-ийн шинжилгээг хуулийн хүрээнд хийнэ. Зөвхөн эрх бүхий субект буюу шүүхийн захирамж, прокурорын даалгавар, мөрдөн байцаагчийн тогтоол гэсэн заалтаар шинжилгээ хийх хуулийн зохицуулалттай. Хэн нэгэн хувиараа хүсэлт гаргаад хийлгэх боломжгүй гэсэн үг. Цөөн тоогоор байх хувийн лабораториудад шинжилгээ хийлгэж болох ч тэр нь хуулийн байгууллагад баримт болдоггүй.
Жилд 300 хүүхдийн эцгийг ШҮҮХ тогтоодог
Эцэг нь хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд бүсгүйчүүд шүүхэд ханддаг. Өөрийнх нь хүүхэд мөн гэдгийг батлах, цаашлаад тэтгэмж авах зорилготой. Шүүх 2011-2016 онд хүүхдийн эцэг тогтоох тухай нийт 2 327 хэргийг шийдвэрлэсэн гэдгийг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судалгаанд дурджээ. Ээжийн хүсэлт, ДНК-ийн шинжилгээний хариуг үндэслэн жилд 300 гаруй хүүхдийн эцгийг тогтоож, тэтгэмж авах эрхийг нээжээ. Гэвч эцэг байх эрхээсээ татгалзсан шигээ шүүхийн шийдвэрийг ч тийм амархан биелүүлдэггүй байна. ШШГЕГ-ын Банк, X3X-дын төлбөр барагдуулах ажлын албанд хүүхдийн тэтгэмжийг албадан гаргуулах хүсэлт жилд 600-800-аар тоологддог гэнэ. Тухайн хаяг дээрээ байдаггүй, төлбөрийн чадваргүй зэрэг шалтгааны улмаас хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй зугтагчид олон гэдгийг шийдвэр гүйцэтгэгчид хэлж байна.
Шинжилгээ хийлгэж байгаа хүмүүсийн өөр нэг хэсэг нь гологдсон хүүхдэдээ эцгийг нь мөн гэдгийг батлахын тулд ийм сонголт хийдэг. Тэд зөвхөн МӨН гэдгийг батлах ганцхан зорилготой. “Хэний ч хүүхэд юм билээ” гэж хэлүүлээд үлдэхийг бүсгүй хүний бардам зан нь хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг. Гэхдээ ингэж хэлүүлсэн бүсгүйчүүдийн тун цөөхөн хувь нь ДНК-ийн шинжилгээг хийлгэж буйг батлахын тулд тоо баримт хайх шаардлагагүй. Шүүхийн шатны баримт материалын бүрдүүлэлт, шинжилгээний үнэ өртөг, нэр төр, бардам зан зэрэг олон шалтгааны улмаас бүсгүйчүүд үйлээ эдлээд үлддэг. Олдсон цагаасаа эхлэн гологдсон хүүхдийг авахуулаад, цааш алхах уу эсвэл хэн ч, юу ч хэлж байсан үрээ төрүүлж, амьдралын ачааг ганцаар үүрэх үү. Энэ сонголтын өмнө зогсохдоо зарим нь үрээ зулбуулж, авахуулж насаараа ээж гэж дуудуулах хувьгүй болон үлдэх нь ч бий.
Гэмтэн, гэмт хэрэгтэн
Олон жилийн өмнө төрөх эмнэлэгт солигдсон хүүхдүүдийн тухай сэтгүүлч Ш.Гүрбазар “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлэг хийж, хүүхдүүд жинхэнэ гэр бүлдээ очиж байсныг та бүхэн санаж буй байх. Тухайн үед ДНК-ийн шинжилгээ хийж, хүүхдүүдийн ээжийг тогтоож байсныг С.Ганболд доктор дурсаж байна. Энэ бол эх тогтоох шинжилгээний ховор тохиолдол бөгөөд сүүлийн үед ийм хүсэлт огт ирээгүй гэнэ.
Өөрөөр ШШҮХ-нд жилд эх тогтоолгох цөөн хэдэн хүсэлт ирдэг. Тэр нь хуулийн байгуулагаас ирдэг хүсэлт. Хүүхдээ төрүүлээд орхисон, хаясан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд эх тогтоодог байна. Гэмт хэрэгтэн ээжийг хайдаг.
ДНК-ийн шинжилгээ өгч буй хүмүүсийн ихэнх нь залуус. Хар залуугаараа нүгэл хурааж, эцэг, эх байх хариуцлагаас зугтсан гэмтэн, гэмт хэрэгтнүүд гэсэн үг. Тэдний дунд “Миний хүүхэд биш” гэсэн хариу гаргаад өгөөч гэж тангараг өргөсөн төрийн албан хаагчийг хахуулдахыг санаархагчид ч байдаг аж.
Хүүхэд эр, эм хоёр хүний тоглоом биш. Бүхэл бүтэн хувь заяаг тээн хүний хорвоод ирсэн нэгэн бие. Харин тэр хувь тавилан руу нулимж, үрээ голсон, орхисон, хаясан бүхэн хожим үйлийн үрээ эдэлнэ.
Яагаад энэ шинжилгээг ААВ эсвэл ЭЭЖ тогтоох гэж нэрлээгүй юм бол...
Б.Учрал