Эрх баригчид бодлогоо дотогшоо үргэлжлүүлэх үү, гадагшаа тэлэх үү
2018-04-02

 

Энэ парламентын хоёр дахь хаврын чуулганаа энэ долоо хоногт угтахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа.

 

Эрх баригч хүчин МАН  ирэх жилүүдийг бүтээн байгуулалтын жил болгон төлөвлөсөн. Тиймээс ч 2018  оны төсөвт бүтээн байгуулалтын ажил түлхүү тусгагдсан нь энэ   хавраас эхлэн өрнөх юм. Жишээлэхэд, Улаанбаатарт хотод л гэхэд  энэ онд нийт 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн.  Шинэ зам, гүүр барих, замын засвар, өргөтгөл гээд авто замын салбарт нийтдээ 40-өөд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.  Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Яармаг, Сонсголон, Баянзүрхийн гүүрийг шинэчилж, Замын цагдаагийн дэргэд төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барихаар төлөвлөсөн.   Гэр хорооллыг оронсууцжуулах  хүрээнд “Буянт-Ухаа III” цогцолборын дутуу баригдсан барилгыг гүйцээн дуусгаж, Нийслэлийн орон сууцны корпорацийн хүрээнд Яармаг болон Баянхошууны эцэс, Ханын материалын орчимд түрээсийн орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлнэ. Тэр байтугай Улаанбаатар хотын захиргааг Яармаг руу нүүлгэх ажлыг ч энэ хавраас хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газраас аваад байгаа.

 

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хороллын айл өрхүүдийн дэд бүтцийг өргөтгөх, Цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах гээд их хотын ажил, асуудал  ар араасаа ундарч байгаа.  Хаврын чуулгантай зэрэгцээд ийнхүү бүтээн байгуулалт зэрэг өрнөдөг нь манай орны улирлын онцлог. Харин бүтээн байгуулалтын ажил улстөржилтөд  дарагдаж, царцан, зогсох вий гэх болгоомжлол олон нийтийн дунд байгаа. Уг нь ч  УИХ бүтээн байгуулалтын өрнүүлэхээр энэ оны төсөв  хөрөнгө, санхүүг тэрбум тэрбумаар нь тусгасан. Мэдээж, төсвийн  мөнгөнөөс гадна гадаадын төсөл, хөтөлбөл, зээл, тусламжаас  санхүүжүүлэх ажлууд ч бий.  УИХ-д үнэмлэхүй олонхи МАН төрийн эрх барьсанаас  хойшхи хоёр жилд гавьтай бүтээн байгуулалт өрнүүлээгүй, өмнөх  эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилж,  дотроо албан тушаалын тэмцэл өрнүүлж, Засгийн газраа ч, удирдагчаа ч шинэчлэн байгуулаад байгаа. Эдүгээ олон нийт эрх баригчдыг   иргэний нийгмийн, сөрөг хүчний гэхээсээ өөрсдийнхөө дотоод асуудлыг цэгцэлж, эв эе ололцохгүй хоёр оныг ардаа үдэж байна гэж дүгнэж байгаа.

 

Ер нь хаврын хаварт л аль нам эрх барьж байхаас үл хамаарч  улс төр давхар дайгддаг. Өнөө жил улстөржилт өвлийн адаг сараас, намрын чуулган завсарлахтай зэрэгцээд өрнөсөн.  Сөрөг хүчин хийгээд иргэний нийгмийн хөдөлгөөнийхэн эрх баригчдыг амлалтаа биелүүлэхийг шаардаж,  мэдэгдэл хүргүүлж,   товлосон хугацаанд хариу өгч, хэрэгжүүлэхгүй бол Засгийн газар төдийгүй УИХ-ыг тараах хүртэл тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдсэн. 

 

Нөгөөтэйгүүр парламент дахь гурав дахь хүчин МАХН  Дээд Үндсэн хуулийн төсөл боловсруулан, МҮАН, МНН, ИЗНН-тай  хамтарч  олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа.  Тэдний боловсруулсан Дээд Үндсэн хуулийн төсөл Монгол Улсын “цөм” асуудлыг хамарч байгаа. Тиймээс ч  улс  төр, нийгэм, эрүүл мэнд, боловсрол гээд  бүхий л асуудалд  Дээд Үндсэн хуулийн төслөө өмнөө барин, сэдэв хөндөн олон нийтэд  байр сууриа илэрхийлсэн байна, гуравдагч хүчнүүд.  Энэ хэрээр олон нийтийн хандлага  ч гуравдагч хүчин рүү төвлөрч байгаа.

 

Харин эрх баригчид дотоод асуудлаа зангидаж чадаагүйгээс гадагшаа бодлогоо хэрэгжүүлж, олон нийтэд хүргэж чадахгүй өнөөг хүрсэн.  Мэдээж, бүтээн байгуулалт өрнүүлэхэд  гадна талаас чимээгүй  өнгөрөхгүй, дуу хоолойгоо ч болов хүргэнэ.  Тухайлбал, Улаанбаатар хотын захиргааг Яармаг руу нүүлгэх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлээр тэргүүлүүлсэн НИТХ дахь АН-ын бүлэг  нар  “Хотын захиргааг Нүхт рүү нүүлэхгүй” хэмээн эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Энэ бол ямар ч  ардчилсан нийгэмтэй улсад байдаг ердийн үзэгдэл гэдгийг хэн хүнгүй мэднэ.

 

Харин бусдын эсэргүүцлээр далимдуулж, бүтээн байгуулалт ч үгүй, бүтээсэн ажил ч үгүй  хоцрох эсэх нь эрх баригчдын  шийдлээс хамаарна.  Хэдийгээр өрхийн, иргэдийн орлого өсөөгүй ч, эдийн засаг сэргэж, төр  мөнгөтэй болсныг  эрх баригчид өөрсдөө бүтэн жил сурталчилж байгаа.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин