Яахав, хөндөж буй сэдвээ дараалалтэй цэгцтэй болгох үүднээс тодорхой эх сурвалжаа дахин нуршья.
Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.Энэ ажлын хүрээнд С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1,836,851 евро, 161,393 ам.долларын хөрөнгийг битүүмжиллээ ...
Энэ мэдээ хаврын улс төрийг хүлээж уйдсан хүмүүст тэсрэх бөмбөг шиг хүрлээ.
Харин маргааш нь /2018.03.21/ С. Баярцогт: Миний 1.2 сая ам.доллар байсан. Тэр мөнгө одоо байхгүй. Тэр мөнгийг эргүүлж татсан. Би ажлаа өгөөд тэнд байсан дансыг хааж, мөнгөө эргүүлэн татсан гэж мэдэгдлээ. Энэ тайлбар үнэн болС.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан гэх 1,836,851 евро, 161,393 ам.долларын хөрөнгийг битүүмжиллээ гэсэн АТГ-ын шуурхай мэдэгдэл эргэлзээтэй болоод ирэв. Хаасан мөнгөгүй дансыг битүүмжилсэн юм болов уу....
Асуудлыг сэжиг таамаг баримт ба хариу тайлбартай холбож харцгаая.
Авлига кэшээр хийгддэг
С.Баярцогтын хийсэн хариу тайлбарт өөртөө буруугаа хүлээсэн цөөхөн асуудал байна. Урьдын дуулиан болсон 1 сая долларын дансыг өөрөө нээсэн. Гэхдээ ХОМ- тээ энэ дансаа бичээгүй. /Мартсан л байх даа./ Үүнийхээ төлөө хариуцлагаа хүлээчихсэн. Тухайн үеийн УИХ-ын дэд дарга гэдэг том албан тушаалаа саналаараа өгсөн тул энэ асуудал хаагдсан.
Одоогийн дуулиан болж буй Швейцарийн банкинд бүртийтэл байж байгаа 10 сая долларын асуудал дээр ч няцаалт нь мөн их энгийн. Тэр 8.2 сая евро буюу одоогийн ханшаар 10 сая ам доллар бол Монголын “нэртэй” бизнесмений мөнгө. Товчдоо тэр хүн миний дансаар зээлдүүлж шилжүүлсэн. Эдийн засаг хямрахаар буцаагаад татсан. Энэ хэрэг шалгагдаж дуусахаар дансыг нь гэсгээнэ...
С.Баярцогтын өөрийнх нь тун итгэлтэй хэлснээр авлига зөвхөн кэшээр /бэлнээр / хийгддэг юм байна. Эндээс харах юм бол Рио яагаад ч авлигын ногооноо С.Баярцогтын данс руу нь шууд хийхгүй. Энэ бол хэтэрхий гэнэн яриа болно. Тэгэхээр Оюутолгойн гэрээтэй холбоотой авлигын талаар С.Баярцогтыг ноолж буй хардлага мухардах ба авлига авсныг тогтоох боломжгүй.
2013 оны долларын саятан хэн бэ...?
Одоо гурав дахь хүн буюу Монголын долларын саятан хэн бэ? С.Баярцогтод 10 сая долларыг шилжүүлсэн тэр “нэртэй” бизнесмений мөнгө ямар эх үүсвэртэй вэ гэдэг асуулт шинээр босч ирлээ. Үүгээр энэ мөнгөний асуудлыг шалгах нь хууль хүчний байгууллагын мэдэлд үлдэв.
8.2 сая еврогийн талаар бүрэн үндэслэлтэй хариулт энд харагдсангүй. Тийм их мөнгийг Монгол шиг жижиг эдийн засагтай улсаас босгоод хөрөнгийн зах зээлд оруулдаг зоригийг нь үнэлж болох ч энэ мөнгөний эх үүсвэр их сонин. Хөрөнгө хэлбэрээ өөрчилсөн ч устаж алга болдоггүй, чанараа хадгалдаг гэж харвал Монголын нэг иргэний 8.2 сая Евро гадаадын банк, оффшор бүст одоо ч бодитой байна. Энэ мөнгөний эзэн яагаад заавал тухайн үеийн Сангийн сайд байсан улстөрч С.Баярцогтод ямар ч хүүгүй өгөөмрөөр зээлдүүлж, мөн буцаагаад дансандаа хүү шимтгэлгүй татсан бэ. Энэ асуулт нээлттэй үлдлээ.
Хоёр найзын ховор тохиолдол
Удаах асуудал бол Оюутолгой асуудал дээр С.Баярцогт зогсож байсан түүх нь 2009 оны 10 дугаар сарын дуулиант гэрээг байгуулсан төдийгөөр дуусчихаагүй. Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр намын залуучуудын байгууллагаар мөр зэрэгцэн явсан, нэг үеийн дотно найз улстөрчид. Цаг хугацааны хайчин гал гэдэг шиг Монгол Улсын хамгийн том ордын төсөл шат ахин хөдлөх гэрээнд энэ хоёр найз хоёулаа гар дүрэлцэх боломж тохиосон байдаг. 2009 онд С.Баярцогт Засгийн газрын гишүүн, Сангийн сайд байхдаа Оюутолгойн төсөл дээр голлон ажиллаж, ил уурхай эхлэх үндсэн гэрээг үзэглэсэн бол дараа нь сайн найз Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллахдаа далд уурхайн санхүүжилтийн гэрээг Дубайд очоод үзэглэсэн байдаг. Цэвэр нөхөрлөлийн талаасаа бол үнэхээр гайхалтай давхцал, бахархмаар замнал биз. Сүүлийн Ч.Сайханбилэгийн үзэглэсэн Дубайн гэрээгээр Оюутолгойн бүх баялаг орд, ил бүтээн байгуулалт олон улсын банкны барьцаанд шилжсэн. Монголын ашиг хүртэх он жил мөн алсарч, 2037 он руу шилжсэн. Н.Алтанхуягийг огцруулсан тухайн үеийн улс төрөөс хөөж харахад ч Ч.Сайханбилэгийн “Шийдлийн Засгийн газар” эцсийн дүндээ Дубайн гэрээг дур мэдэн үзэглэж, хаалтандаа Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалыг яаравчлан шийдсэн харагддаг. Харин одоо сөрөг хүчин АН-ынхан С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёроос халдвар авсан мэт зайгаа барьсан мэдэгдлүүдийг цувруулж байна.
Хоёр гүрнийг алгассан Оюутолгой
Нэгэнт Оюутолгойгоор овоглосон хэрэг явдлын тойрогт шуугиан өрнөж буй тул нэг зүйлийг орхих учиргүй. Оюутолгой орд бусад төслүүдээс ялгарах онцлогтой. Дэлхийн хоёр их гүрний ашиг сонирхлын хилийг давж, жижигхэн Монголд хэрэгжсэн гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай ганц том төсөл. Энэ тойрогт С.Баярцогтын мэдэгдэлд том зай эзэлж байгаа нэг тайлбар анхаарал татна.
Оюутолгойн энэ гэрээ хийгдэж хэрэгжсэн нь хоёр хөршийн сонирхлыг хөндсөн учраас гэрээний ард байсан гол тоглогч нарыг харлуулах, үүгээрээ энэ төслийг зогсоож, гурав дахь хөршийн сонирхлыг Монголоос гаргах бодлого байж болох талаар тэр хэлжээ. Энэ нь зарим талаар байж болох хардлага. Жишээ нь, хамгийн сүүлд Оюутолгойгоор гэнэт хэлд орж, сайдаасаа зэмлэл хүртсэн Д.Загджав дэд сайдын мэдэгдлүүд байна. ... Хэрэв үнэхээр Канадын хөрөнгө оруулагчид болон Рио Тинто компани нь олон нийтийн хардаад байгаа шиг С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарт цаашлаад Дубайн гэрээ гэгчийг байгуулсан Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нарт авлига өгсөн бол Оюутолгойн эзэмшлийнхээ хэмжээг Монголын төр 34 хувиас 100 хувь болгож нэмэгдүүлэх, эзэмшилдээ авах боломжоор хангагдана гэж бодож байна. ... Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав асуудалд ингэж байр сууриа илэрхийлжээ. Энэ нь төрийн яамны дэд сайдын байрь суурь, эс бөгөөс, хувь улстөрчийнх нь байр суурь юм болов уу. Ямар ч байсан үүний цаана С.Баярцогт нар авлига авсан гэж тогтоогдоосой, тэгвэл Оюутолгой 100 хувь манайх болно гэсэн муйхар хандлага нийгэмд газар авахад хангалттай ташуур өгч байна.
Жирийн хүн сэтгэл хөдлөлөөр ийм мэдэгдэл хийхэд гайхах зүйлгүй. Харин зуун жилээр үргэлжлэх, дэлхийд IV-т ордог том төслийн талаар их хурлын гишүүн, салбарын дэд сайд хүн ийм амархан төсөөллөөр мэдэгдэл хийж байгаа нь гайхал төрүүлж байгаа юм.
Оюутолгойгоос бусад төсөл “хоригт” ордог уу...
Тусгаар тогтнолын асуудал цэрэг зэвсгийн хүчээр бус гурав дахь хөршийн сонирхлоор давхар хамгаалагдах энэ үзлийг манай улс гадаад талдаа нээлттэй хаалганы бодлого баримтлахаа зарласан тэртээх 90-д оноос яригддаг. Гэвч яг томьёоллоороо буулгасан томоохон алхам хийгдэж байсангүй. АНУ-ын мянганы сорилтын сангаас Монголын төмөр замыг шинэчлэх том мөнгө шийдэгдээд авах өгөх дээрээ тулж байхад Оросын хүчтэй шахалтаар шууд зогсоож байсан. Энэ бол яах аргагүй гурав дахь хөршийн оролцоог хязгаарласан том хөршийн бодлогын илрэл болсон. 2011 оноос ярьсан Сэлэнгэ, Эгийн гол, Орхон гол дээр усан цахилгаан станц барих төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр эхлүүлэхээр байсан ч Оросын талаас Байгаль нуур хамгаалах шалтгаар мөн гацааж байгаа.
Хөршөө өөрөө сонгодоггүй гэсэн энэ зовлон Оюутолгойг ч мөн ороогоод байхыг бүрэн үгүйсгэх нь утгагүй. Гэхдээ энэ бүхэн гарцаагүй өөрийнх нь дансаар орсон 10 сая ам.долларын асуудлаас С. Баярцотыг шууд аврах гол тайлбар болж чадахгүй. Түүний зөвтгөлүүд хоорондоо хэт хол, холбооос уялдаагүй тавигдаад байна.
Үлгэр жишээ шалгуулж байна
Нэр бүхий улстөрчид, нэртэй цуутай бизнесменүүд холбогдсон луйврын хэрэг дуулиан Солонгос сериал шиг үргэлжилж байгаа ч яг тогтоогдоод шүүхээр таслагдсан нь алга. Зарим нь хуулийн байгууллага дуудаад байхад ирэхгүй цоолойд байгаа дуулдана. Харин С.Баяр, С. Баярцогт нар шалгуулъя, баяртай байна гэсээр ил тод яриад тайлбар мэдүүлэг өгөөд байгаа нь үлгэр жишээ гэмээр байна. Адилхан элчин сайд М. Энхсайхан ирээгүй байхад би очихгүй гэж С.Баяр барьцсангүй. “Хэзээд бэлхэн шүү” намайг байцаагаад өгөөч гэж хэвлэлээр мэдэгдсээр байна. Харин иргэд “жирийн биднийг яадаг билээ. Хориод өгөөч...” гэж дургүйцлээ илэрхийлж байна. Шударга ёсоор ангасан хүмүүсийн цөхөрсөн бухимдал бол энэ.
Тэртээ 2009 онд сүр жавхлантай байгуулагдсан 10 000 хувьсагчтай гэрээнээс 10 сая ам.долларын хардлага хүртлээ Оюутолгойтой нэр холбогдсон С.Баярцогт болон бусад оффшор дуулианыг гадна улсын ба манай хуулийн байгууллага хамтран шалгаж, нэг тийш болготол бид бага цуурч, хэт туйшралгүй хүлээх л үлдлээ.
Пүрэвжавын Баярхүү / тоймч /