Маргаашнаас ахмадууд хоёрдугаар сарын тэтгэвэрээ авна. Ахмадуудын тэтгэвэр нэмэгдсэн байгаа. Гэхдээ тэд тэтгэвэр тэтгэмж нэмэгдлээ гээд баярлаж, хөөрсөн огт үгүй. Сар шинэ болох гээд зарим нь тэтгэврийн зээл авчихсан байгаа, зарим нь авахаар хөөцөлдөнө. Тэтгэврийн нэмэгдэл гэх 27 мянган төгрөг Цагаан сарын тавгийн идээний ул боовны үнэ ч хүрэхгүй болохоор аргагүй биз.
Засгийн газар 100 хоногийн ажлаа дүгнэн хэлэхдээ удахгүй 10 дугаар сард цалин нэмнэ гэж мэдэгдлээ. Гэхдээ хэдэн хувиар, хэрхэн нэмэгдэх нь тодорхойгүй. Уг нь оны өмнө багш, эмч нар цалин нэмэх шаардлага тавихад ур чадвараас нь хамаарч урамшууллыг нэмэгдүүлж олгоно гэснээр талууд зохицсон. Энэ урамшуулалд багш, эмч нар төдийгүй төрийн албаныханд ч хамрагдаж байгаа байх. Одоо дахин төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь. Учир нь цалингийн нэмэгдэл хувийн хувшлийн ажилчдад хүртээлгүй байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөн тохиолдолд энэ дүнгээр цалингаа авдаг ажилтнуудынхыг л хуулийн дагуу нэмэгдүүлнэ үү гэхээс бусдад нь падлийгүй байх дотоод журам хувийн хэвшлийнхэнд үйлчилдэг.
Нэг үе төр, засгаас цалин нэмэгдүүлэх шийдвэр гаргахтай зэрэгцаад бараа таваарын үнэ ханш ч өсдөг байлаа. Ингээд цалингаа нэмэгдүүлсэн, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн хоёр яг тэнцдэг. Харин сүүлийн жилүүдэд цалин, тэтгэврийг “хүүхдийн мөнгө”-ний дайтай нэмдэг зарчмыг эрх баригчид барьдаг болсон. Мэдээж, үүнийг олон мянган төрийн албан хаагч, тэтгэвэр тэтгэмжийнхний тоонд үржүүлээд бодохоор нийт дүн тэрбум тэрбумаар яригдана. Гэвч цалин, тэтгэврээ нэмэгдүүлсэн хувь иргэнд нэг удаагийн өдрийн хоолны ханш төдий.
Соц үед улс баян бол иргэн баян гэсэн уриатай байсан. Харин өнөөдөр эдийн засаг өсч байгаа ч иргэний амжиргаа дээшлээгүй байна. Засгийн газар өнгөрсөн гурван сард хийсэн ажлуудаа “илтгэлээ”. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нэмэгдүүлсэн татварын нэмэгдлийг нэг шатлалтай болгож, тэтгэврийн насыг уртгасныг эргэн харж, хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, ахмадын тэтгэврийг нэмсэн, “цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж байгаа зэрэг нийгэмд шууд чиглэсэн шийдвэрийг эс тооцвол бусад нь цаг хугацааны дагуу хэрэгжиж, хийгдсэн, эсвээс ирээдүйд хийгдэх ажлууд зонхилж байлаа. Тухайлбал, аль ч Засгийн газар байсан “Чингис бонд”-ын өрийг хугацаанд нь л төлөх байсан. БНСУ-улсаас хөнгөлөлттэй зээлээр 500 сая ам.долларын гэрээн гарын үсэг зурснаас бус манайд хараахан орж ирээгүй байгаа. ОУВС-гийн хөтөлбөр, ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох, сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах, агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийг төвлөрсөн дулаанд холбох ажил төрийн залгамж халаа, нийгмийн шаардлагаар үргэлжлэн хийгддэг. Хамгийн гол нь хэрэгжүүлсэн ажлын үр дүнг л тооцон гаргах нь дараа дараагийн Засгийн газрын үүрэг байдаг. Цаашлаад шинэ төв цэвэрлэх байгууламж барих, Газрын тосны үйлдвэртэй болох зэрэг дэд бүтцийн асуудлыг үе үеийн парламент Засгийн газрын үед яригдсаар ирсэн сэдэв. Хэрэгжүүлэхийг нь олон нийт олон жил хүлээж байгаа.
Эдийн засгийг уналтыг зогсоож, сэргэлтийг хангана гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдэж байсан. Манайх ганц уул уурхайгаас хамааралгүй, эдийн засгаа солонгоруулах, дотоодын суурь хөдөлгөгч хүч холбох хөдөө аж ахуйгаа түшиглэн гэж эдийн засагчдаас эхлээр шийдвэр гаргагчид ярьсаар ирсэн. Гэхдээ хямралыг удаан үргэлжлүүлэхгүй, эдийн засгаа хурдан хугацаан сэргээн тэнхрүүлэхэд олон улсын жишгийг дагаж, уул уурхайгаа түшиглэхээс өөр гарц байхгүй. Мэдээж, уул уурхайгаас олсон ашгаа халамжийн чиглэлд бус дотоодын үйлдвэрлэлээ сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулах шаардлагатай гэдэг дээр ч бүгд толгой дохидог.
Эрх баригчдын өөрсдийнх нь давтан давтан дүгнэн хэлдэг жил жилийн эдийн засгийн өсөлт иргэд бидэнд даанч хүрээлтгүй байлаа. Ямартаа л сөрөг хүчин АН-ынхан “Эрх баригч хүчин МАН сэхээнд байсан эдийн засгийг энгийн тасагт шилжүүллээ. Тэгвэл иргэдээ хэзээ сэхээний тасгаас энгийн тасагт шилжүүлэх вэ. Иргэд өнгөрсөн хугацаанд МАН-ын амлалтад алгадуулсаар ирлээ” хэмээн чинжүү шиг үнэнийг часхийтэл шүүмжлэв.
Он гарсаар Онцгой албан татварын хууль хэрэгжиж, импортлогчдын шатаажаас үүдсэн шатахууны хомдсдол, үнийн нэмэгдлийн ачааг өнөөдөр олон нийт бид үүрч байгаа. Шатахууны үнийг дагаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хууль үйлчилдгээрээ үйлчилсэн. Тиймээс ч тэтгэвэр, тэтгэмжийн 27 мянган төгрөгийн нэмэгдэл, “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг өрхийн амжиргаанд нэмэр болох нь юу бол, нэг удаагийн хэрэгцээнд зарцуулагдах төдий.
Дахиад энэ хэмжээний мөнгө цалингийн нэмэгдэлд төсөвлөх гэж байгаа бол иргэд сэхээнээс гарахгүй. Цалин нэмлээ гэж иргэдээ хошгируулахгүй шүү, эрх баригчид аа.
Н.Энхлэн