Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй хийх уулзалтаа улсын нийслэл Улаанбаатараас эхэллээ. Тэрбээр өчигдөр Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, нийслэлийн агаарын бохирдлоос эхлээд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ядуурал, ажилгүйдлээс гарах гарц, шийдлийн талаар ярилцлаа.
Ингэхдээ эрх баригч хүчний үйл ажиллагааг шүүмжилж, “Ерөнхийлөгч дээр ард түмэн та нар нэмэгдэж байж энэ Засгийн газар, УИХ-ыг хөдөлгөнө” олон нийтийг өөртөө татах тактик барив.
Эрх баригч хүчин МАН-ын үйл ажиллагаа шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэж 2016 оны сонгуулиар уриалан орсон МАН-д сонгогчид үнэмлэхүй олонхийн суудал өгч, төр, засгийг дангаар барих эрхийг олгосон. Гэвч өнөөдрийн байдлаар эдийн засаг хүндрэлтэй, иргэдийн амьжиргаа дээшлээгүйгээс гадна долоон төрлийн татвар нэмж, 55 тэрбум төгрөгийг нэг удаагийн урамшуулал нэрээр тараасныг олон нийт Ерөнхийлөгчтэй санал нэг шүүмжилж байгаа.
Нөгөөтэйгүүр улсын данс улайж, валютын нөөц шавхагдан, олон улсад ядуурлаа зарлах хэмжээнд хүрсэн эдийн засагтай орныг хүлээн авч, төсөв, санхүүгийн зардлыг цэгцэлж, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан, өнгөрсөн онд 3.8 хувийн эдийн засгийн өсөлтөд хүргэсэн эрх баригчдын хүчин зүтгэлийг үнэлэхүй орхигдуулж болохгүй.
Цагаан сараас өмнө утааг бууруул гэж Ерөнхийлөгч сөрөг хүчинтэй нийлэн эрх баригчдаас шаардсан.Хэрвээ Сар шинээс өмнө утааг шийдэхгүй бол УИХ-ыг тараах асуудал хөндөгдөнө гэж Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг унагасан бол өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хоёрдугаар сарын нэгний хугацаанд хариу мэдэгдэх хугацаатай шаардлагыг эрх баригчдад хүргүүлээд байгаа.
Өнөөдөр утаа гамшгийн хэмжээнд хүрч, өдөрт нэг хүүхэд агаарын бохирдлын улмаас нас барж байна гэсэн албан бус мэдээлэл байдаг. Гэхдээ энэ утаа өнгөрсөн хоёр жилд “нүүрлэсэн” асуудал биш. 10 гаруй жилийн өмнөөс Улаанбаатарын утааг бууруулахаар төр, засгаасаа эхлээд яам, агентлаг, нийслэлийнхэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж ч байгаа. Агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг гэж чичлүүлээд байгаа гэр хорооллын иргэд нийслэлээс шахсан “утаагүй зуух”-ыг өндөр үнээр худалдан авсан. Тэглээ гээд нийслэлийн утаа багасаагүй. Харин ч “утаагүй зуух” айл өрхөд илч дулаан бус гэрийн жаврыг нэмсэн.
Харин Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад гэр хорооллыг орон сууцжуулах нь хамгийн зөв шийдэл гэж Ерөнхийлөгч болоод УИХ-ын дарга нар санал нэгтэй байна лээ. Тэр дундаа “Өнөөдөр 80 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрийн ядаж тал хувьд эмч, багш, цагдаа, онцгой байдлын ажилчдыг цалингаар нь барьцаалаад орон сууцанд оруулах боломжтой. Хүүгүйгээр зээлэнд оруулчих юм бол ядаж 40 мянган яндан багасна. Нөхөр нь цагдаа, гэр бүлийн хүн нь эмч байхад л зээлээ төлөөд байж чадна шүү дээ. Иймэрхүү тооцоо, судалгааг нь хийсэн олон шийдэл бэлэн байгаа” гэсэн Ерөнхийлөгчийн саналыг эрх баригчид хүлээн авч, хэрэгжүүлмээр.
Ер нь “МАН-ын үнэмлэхүй олонхи 65-ын бүлгийн ханыг нэвтэлж чадахгүй байна” гэсэн Төрийн тэргүүний үг гашуун боловч үнэн. Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш У.Хүрэлсүхийн танхимын бүрэлдэхүүнд хэсэгчлэн, 2017 оны төсвийн тодотголд хэсэгчлэн, мөн 2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй буцаасан. Ерөнхийлөгчийн гурван удаагийг байтугай хоригийг буцаах эсэх эрх нь өнөөдрийн үнэмлэхүй олонхид хадгалагдана. Манай улс парламентат засаглалтай. Гэхдээ УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл, төрийн элч бол Ерөнхийлөгчийн хувьд бүх ард түмнээс сонгогддог. Тиймээс зөвхөн Ерөнхийлөгчид л “Миний ард түмэн” гэж хэлэх эрх хадгалагддаг.
Аль ч үеийн эрх баригчид олон нийтийн шүүмжлэлтэй тулгардаг. Цаашлаад Ерөнхийлөгч нар ч шүүмжилсээр ирсэн. Төр, засгийн үйл ажиллагааг шүүмжлэх, санал хүргүүлэх, хориг тавих нь Төрийн тэргүүний бүрэн эрхийн хүрээний асуудал. Харин эрх баригчид хийгээд олон нийтийг талцуулж, тэдний дунд “хэрүүлийн алим” шидэж болохгүй. Учир нь “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” гэж заасан байдаг. УИХ, Засгийн газрын гишүүд ч ард түмний нэг хэсэг.
Тиймээс “Эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна” гэсэн тангарагийн үгээ өдөр бүр санаж яваарай, Ерөнхийлөгч өө.
Н.Энхлэн