2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авлаа.
Сонгуулийн төв байгууллага үр дүнгийн албан ёсны мэдээллийг Ерөнхийлөгч, УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Шинээр сонгогдсон гишүүдэд УИХ-ын Тамгын газраас ёс зүйн болон хуралдааны дэгийн талаар сургалт зохион байгуулав.
Сонгуулийн үр дүнгээр МАН 62, АН 11, “Зөв элекотрат” эвсэл, “Та бидний эвсэл”, бие даагч тус бүр нэг суудал авсан бүрэлдэхүүнтэйгээр ирэх парламент бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй нам, эвсэл, бие даагч нарын гомдол хийгээд Ерөнхийлөгчийн зүгээс албан бичиг ирүүлсний дагуу СЕХ өнгөрсөн амралтын өдрүүдэд хяналтын тооллогыг хуулийн хүрээнд явууллаа. Нийт 164 сонгуулийн хэсгийн хороонд 600 гаруй ажиглагчид, 2000 гаруй төрийн албан хаагч ажиллан, 71.3 сая төгрөгийн зардал гарсан хяналтын тооллогоор ямар нэг зөрчил илэрсэнгүй.
Эдүгээ сонгуулийн хуульд зааснаар Ерөнхийлөгч зарлиг гарган, анхдугаар чуулганыг товлон зарлаж, нээж үг хэлнэ. Үүний дараагаар СЕХ-ноос ирүүлсэн УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулж, гишүүд тангараг өргөх юм.
Анхдугаар чуулганыг тухайн парламентын хамгийн ахмад настай гишүүн удирдан явуулдаг. Энэ парламентын хамгийн ахмад нас нь Х.Баделхан гишүү. УИХ-ын гишүүн Х.Баделхан анхдугаар чуулганыг даргалж, УИХ-ын даргаа томилсноор дараагийн асуудлыг хэлэлцэх юм. Энэ парламентыг хэн удирдах вэ гэдэг олны анхаарлыг татаж байгаа. Өнөөдрийн УИХ-ын дарга Г.Занданшатар үргэлжлүүлэх хийх нь эргэлзээтэй. Учир нь тэрбээр Баянхонгор аймгийн УИХ-ын сонгуулийн тойрогт хамт нэр дэвшсэн Б.Элдэв-Очир, Б.Батцэцэг нартайгаа багаараа биш ганцаараа сонгогдсон. Тиймээс шинэ парламентыг шинэ хүн удирдна гэсэн таамаглал улс төрийн хүрээнд явж байгаа.
УИХ-ын анхдугаар чуулганаар УИХ-ын дарга сонгогдсон бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, танилцуулна. Ерөнхийлөгч хүлээж авснаас хойш 5 хоногийн дотор УИХ-д оруулна гэж Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан байна.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр:
“Гучин есдүгээр зүйл
1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
2. Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.” гэж заасан.
Шинэ Засгийн газар дараах бүтэцтэй байна. Үүнд:
МАН-ын дарга У.Хүрэлсүх өмнө нь дан дээлтэй хэдий ч Засгийн газраа үнэмлэхүй олони парламенттай удирдаж байсан. Харин энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр намаа ч, парламентыг ч, Засгаа ч дотроос нь удирдах нөхцөл бүрдлээ. Засгийн газрын бүрэлдэхүүний дөрөв хүртэлх гишүүн давхар дээлтэй бусад нь гаднааас томилогдоно. Давхар дээлтэй байх гишүүдийн нэрс ч эхнээсээ таамаглалд явж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар нар давхар дээлтэй сайдаар томилогдох сурагтай. Мөн сонгуулиар нэр дэвшээгүй өнжсөн М.Энхболд, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Хаянхярваа нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнд сайдаар ажиллана гэсэн таамаглал ч явж байгаа юм.
Н.Нягт