Өмнөхийг ЭНДЭЭС унших боломжтой.
-Сайдаас шүүхэд, шүүхээс "шоронд"-
Шүүх хуралдааны үеэр тэрбээр “Өмгөөлөгчтэйгээ санал нэг” гэдэг ганцхан л үг хэлсэн. Өөрөөр үг хэлж, үйлдэл ч хийлгүй гараа эгэлдэргэлэн суусаар шүүх хурлыг дуусгалаа. Өмгөөлөгч нар нь прокурортой мэтгэлцсээр нэр бүхий таван гэрчийг заавал оролцуулах хүсэлт тавьсны дагуу шүүх хуралдааныг хойшлуулав.
Энэ бол Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн А танхимд өнөөдөр өглөө болсон, нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж явсан өнөө харин Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх яллах дүгнэлт үйлдүүлэн шүүгдэгчийн ширээний ард суугаа М.Энхсайханы гэм буруугийн шүүх хуралдаан юм.
Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалан явууллаа. Улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын Г.Батбаяр, Б.Батсайхан нар оролцов. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Д.Оросоо, Г.Бат-Отгон, Ц.Эрдэнэбат нар ирснээс гадна нэр бүхий хохирогч, гэрч нар шүүх хуралд оролцлоо.
Өндөр эрх мэдэлтэй албан тушаал хашиж байсан хүмүүс хаана ч, хэзээ ч “дарга” зангаа тавьдаггүй бололтой. М.Энхсайхан шүүх хуралдааны туршид “элгээ эвхэн” суух нь янз муутай байгааг нь илтгэнэ. Түүний өмгөөлөгч нарын зүгээс “Шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлэх боломжтой гэж үзэж буй учраас Д.Отгонцэцэг, А. Гансүх, н.Энхбаяр, н.Ганбаатар, н.Батсүх нарын гэрч, шинжээч нарыг заавал оролцуулах ёстой. Тэд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ шүүхэд гаргав.
Харин Улсын яллагчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр дурдагдсан хүмүүс мэдүүлэг өгсөн тул эдгээр иргэнийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн. Хэрэв шүүгдэгийн зүгээс гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэвэл түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл бүхий таван хуудас материалыг шүүхэд хүлээлгэн өгөв.
Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шалтгаан нь шүүгдэгч М.Энхсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх баталгаа авсан боловч яллагдагчийн үүргээ биелүүлээгүй. Мөн энэ үйлдлээрээ ЭХХШТХ-ийн 7.1.5 дахь хэсэгт заасан бусад оролцогч нарт нөлөөлөхгүй байх гэсэн яллагдагчийн үүргээ зөрчсөн гэж прокурор мэдүүлэв. Тодруулбал М.Энхсайхан өөрийн хөтөлдөг твиттер хаягнаасаа хавтаст хэргийн материал, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтыг олон нийтийн сүлжээгээр тараасан үйлдэл гаргасан. Үүнийг шүүхэд нөлөөлж байна гэж үзэж байна. Иймд шүүх хуралдаан хойшилсон тохиолдолд шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлт тавив.
ЭХХШТХ-ийн долоодугаар бүлэгт
7.9 дүгээр зүйл.Яллагдагчийн үүрэг
1.Яллагдагч дараахь үүрэг хүлээнэ:
1.1.шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх;
1.2.шүүх хуралдааны дэгийг сахих;
1.3.шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
1.4.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх;
1.5.оролцогч, бусад оролцогчид нөлөөлөхгүй байх
2.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно гэж заасан байдаг.
Шүүгч прокурор болон шүүгдэгчийн хэн хэнийх нь эрхийг ханган ажиллаж М.Энхсайханы өмгөөлөгчдөөс гаргасан гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг тавдугаар сарын 5-ны өдрийн 08.30 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв. Мөн прокуророос гаргасан саналыг шүүх хүлээн авч шүүгдэгч М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Манай улстөрчид хорихоос номтой, зохиолтой гарч ирэх болсон. Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өмнө нь 2019 оны зургадугаар сард АТГ-аа сэжигтнээр баривчлан хорих 461 дүгээр ангид 24 цаг саатуулж байсан. Түүнийг өнөөгийн шүүхийн шатанд шилжээд буй Тавантолгон хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулахдаа хууль бус үйлдэл гаргасан байх магадлалтай гэх хэрэгт холбогдуулсан баривчилсан юм. Тухайн үед 24 цаг саатуулагдаад гарч ирснийхээ дараа М.Энхсайхан үзэж туулснаа багтаасан "461 ба 48/24" нэртэй нийтлэл бичиж байв. Тэрбээр жилийн дараа дахин өнөөх л 461 дүгээр хорихдоо саатуулагдахаар боллоо. Суллагдахдаа магадгүй "461 ба 312" гэх сургамжит өгүүлэлтэй гарч ирэх биз ээ.
Улстөрийн халуун тогоонд чанагдаж явсан эрх мэдэл, албан тушаалтнууд нэр, мөр цэвэр ажилласан бол албаа хүлээлгэж өгчихөөд модон дунд дүнзэн байшин бариад кофе шимж, ном уншсан шиг сууж байвал сайхан. Харамсалтай нь сайд байсан хүн яллагдагч болж шүүхэд дуудагдаж, цагдан хорих 461 дүгээр анги руу ачигдаад явах нь хачин жигтэй л юм...
Г.Сүрэн