Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агснаар амьсгалав. Учир нь түүний төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 20-ны өдөр байдаг. Хэрвээ талийгаач өнөөдөр амьд сэрүүн байсан бол 62 нас хүрэх байлаа. Харин түүний төрсөн өдрөөр ил гарч ирсэн хүн бол талийгаачийн эхнэр Б.Булган байв. Тэрбээр 26 жилийн дараа захиалгатайгаар олон нийтийн өмнө ам нээж ярилцлага өгч гарч ирсэн нь олон хүний анхаарлыг татахаас илүүтэй жигшил зэвүүцлийг хүргэж байх шиг. Олон нийт түүнийг сонгуулийн өмнө шоудаж, амиа алдсан нөхрөөрөө шоу хийж гарч ирдэг боллоо. 26 жил аа гэж ам нээгээгүй хүн гэнэт гарч ирэх учир шалтгаан юу байв.
Дайснуудтай нэгдэж, нөхрийнхөө нэр төрөөр хооллож байна гэх мэдээлэл цахим сүлжээнд хөвөрч байна. Харин олон телевизээр нэг зэрэг зорилготой цацсан ярилцлагаар Б.Булган хэн хэнийг ярив. Тэрбээр Монголын нийгэмд 30 жилд гай авчирсан, Монголыг самарсан хүнээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг нэрлэв. Араас нь генерал Б.Хурц, Ардын баатар Э.Бат-Үүл, Да.Ганболд зэргийг нэрлэв. Магадгүй энэ олон жил яриагүй нууцаа яг ярьж чадсан уу. Талийгаачийг хөнөөлгөх захиалга өгсөн этгээдүүдийг учир битүүлгээр ч болов нэрлэж чадав уу гэсэн асуулт үлдсэн юм. Мөн тэрбээр "Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг төрийн өндөрлөгт очих жил болгон би шоронд ордог. Хоёр удаа шоронд орсон" гэж ярьсан юм.
Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж " С.Зоригийн амь насыг хөнөөсөн хавтаст хэргийг 2017 оны эхний хагаст нууцаас гаргасан. Хууль журмын дагуу түүнийг ил болгосон Зарлиг бий. Нийтэд үзүүлэхгүй өдий хүрлээ. Олон түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Хожим Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэргийн илэрсэн байдалтай дэлгэрэнгүй танилцсан. Тэр тэмдэглэлийг бас ил болго" гэжээ.