Монгол хүний амийг шавар ханаар үнэлдэг жишгийг Монгол Улсын Засгийн газар тогтоолоо. Төрд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын төлөө албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн бүхний ар гэрийг дөрвөн ханаар хуураад, мартдаг боллоо.
Энэ л янзаараа Дүнжингаравын уулзварт гарсан ослын үр дагавраар амь насаа алдсан онцгой байдлын гурван албан хаагчийн гэр бүл “Буянт Ухаа-II” хороололд тус бүр гурван өрөө байр өгөх шийдвэрийн Засгийн газар өчигдөр гаргалаа. Аавынхаа, хүүгийнхээ, ханийхаа амиар сольсон орон байрыг гэр бүл тааламжтайгаар, инээд алдан хүлээж авахгүй нь тодорхой.
Хамгийн гол нь гурвын гурван гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэж, өнчрөл хагацал үзэж байхад хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Нэг сарын өмнө ч ялгаагүй, албан үүргээ гүйцэтгэж явсан 27-хон настай аврагчийн амь эрсдэхэд Монголын төр энэ л янзаараа дүлий дүмбэ оргиж, эмгэнэл илэрхийлээд өнгөрсөн.
Албан үүргээ гүйцэтгэж яваа алба хаагчид удаа дараалан эрсдэж, ганцхан сарын дотор дөрвийн дөрвөн аврагч эгнээгээ хоосон орхиод байхад л хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Онцгой байдлыг хариуцдаг Шадар сайд С.Амарсайхан ч, ОБЕГ-ыг удирддаг генерал Г.Ариунбуян ч суудалдаа шигдсээр байна. Тэдэнд албан тушаалын хариуцлага, хүн чанарын хэлтэрхий, төрийн хүний зангараг алга. Хүний амийг, аврагчдын амьдралыг тоодоггүй аж.
Хэрвээ хууль үйлчилдэг, хариуцлага хүлээдэг оронд бол өдийд Г.Ариунбуян, С.Амарсайхан нар суудлаасаа буугаад зогсохгүй Засгийн газар нь огцрох байсан биз. Төрд данстай, төрд тангараг өргөсөн дөрвийн дөрвөн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдчихээд байхад хариуцсан албан тушаалтнууд нүдэн балай, чихэн дүлий өнгөрөхгүй байсан нь мэдээж.
Харин Монголд бол хүний амийг, төрд тангараг өргөсөн алба хаагчийн амьдралыг шавар ханаар үнэлж, албан тушаалтнууд суудалдаа шигдэж үлдсээр байна. Хүний аминаас үнэтэй албан тушаал, эрх мэдэл аж.
Цаашид хичнээн аврагчийн амиар “тоглох”-ыг, дахиад хэдэн жил алба хаагчдын хувцас, хэрэгслийн талаар өрөвдөлтэй “гуйлгачин” царайлахыг ч таах аргагүй нь. Хэдэн жилийн өмнө ярьж байснаа өнөөдөр ч ярьж суугаа албан тушаалтнуудад итгэл арга алга. Тэд улсын төсвөөс өгсөн боломжид тааруулах тухай ярих биш боломж бий болгох гэж дарга, сайд болсноо мэддэггүй бололтой. Сайдынх нь төсвийн багц, байгууллагынх нь санхүү хөрөнгө жил бүр нэмэгдсээр байхад тэд алба хаагчдынхаа аюулгүй байдлын төлөө сэтгэл гаргадаггүй нь даана ч харамсалтай.
Б.Хэрлэн