Улс төрийн намууд, эрх баригчдын улс төр хийдэг мөлжүүртэй сэдвүүдийн нэг нь ахмадуудын тэтгэвэр. Эрх баригч МАН ч энэ жаягаас хазайсангүй, сонгуулийн өмнөхөн “Тэтгэвэр өвлөгддөг боллоо” гэж баахан шуугиулав. Одоо тэтгэвэр авч байгаа ахмадууд төдийгүй ирээдүйд тэтгэвэр авах олон олон хүн энэ үгэнд итгэж, талархсан нь мэдээж. Гэвч энэ нь шилний цаанаас долоолгосон чихэр байж.
Үнэндээ тэтгэвэр үр хүүхэд, үлдсэн хань ижилд нь өвлөгдөхгүй.
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын багц хуульд ТУСГАЙ ЗОХИЦУУЛАЛТ гэж нэрлэгдсэн нэгэн заалт байна.
Тэр нь “Өндөр насны тэтгэвэр авагч нас барвал түүний авч байсан тэтгэврээс 20 хувиар тооцон нөхөр эсвэл эхнэрийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ” гэх. Өөрөөр хэлбэл тэтгэвэр авагч өндөр настан нас барвал түүний тэтгэврийн 20 хувь хань ижлийнх нь тэтгэвэр дээр нэмэгдэнэ гэсэн. Тухайлбал, 680 000 төгрөгийн тэтгэвэр авагч иргэн нас барлаа гэхэд үлдсэн хань ижлийнх нь тэтгэвэр 136 000 төгрөгөөр нэмэгдэнэ. Харин 550 000 төгрөгийн тэтгэвэртэй бол 110 000 төгрөгийн нэмэгдэл авна.
Гэхдээ энэ нэмэгдлийг авахын тулд
-Гэр бүл болсноо бүртгүүлж, баталгаажуулсан
-20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байх шаардлагыг хангах учиртай.
Насны эцэст биендээ хань болж, 10, 15 жил цайгаа хувааж уусан хоёрын нэг нь тэнгэрт дэвшихэд нөгөөх нь юу ч авахгүй. Учир нь 20 жил хамт амьдраагүй учраас.
Амьдралд үл нийцэх энэ шаардлагыг нь 2024 онд гэхэд 7 000 хүн л хангана гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэллээ. Ёстой хэнийг доромжлоод байгаа юм бэ.
Уг нь энэ зохицуулалт нас барсан хүний хань ижлийн нийгмийн баталгааг хангах буюу байрны мөнгө, ус дулаан, түлш, эм тарианы мөнгө гэхчлэнд нь дэмжлэг болох сүрхий зорилготой. Гэвч зорилгоо огт хангахгүй нь дээрх шаардлагаас нь тодорхой харагдана.
Нийгмийн даатгалын хууль бол хүнд зориулагдсан, иргэнд ээлтэй байх зайлшгүй шаардлагатай. Товчхондоо иргэний амьдралын баталгаа болох учиртай. Гэтэл энэ хууль өмнө нь ч, өнөөдөр ч хүний амьдралд наалдсангүй, тус нэмрээ өгсөнгүй.
Ирэх сонгуулиар МАН-ынхан тэтгэвэр өвлөгддөг болсон гэж яривал ам руугаа алгадуулах болно. Жилд 10 000 хүрэхгүй хүнд үйлчлэх хууль баталчихаад тэрийгээ гавьяа байгуулсан мэтээр яривал өөртөө жинхэнэ гай тарина гэсэн үг. Иргэд сонгогчид тэнэг биш.
В.Бат