Хөхөө өвлийн хүйтнээр монголчууд гуйланчилж амьдардагийнхаа горыг амсаж байна. Дотооддоо хэтэрхий олон жил улс төрийн тоглоом хийсэн манай улс одоо гаднаасаа шоглуулаад сууж байна. Нөгөө хувь тавилангийн золиос гэдэг үг яг таарахаар. Монголын төр, Монгол Улсын Засгийн газар үүнээс илүү өрөвдөлтэй байдалд орно гэж юу байхав.
Манай улс хөрш орнуудаас хэтэрхий хараат. Ковидын үед бид БНХАУ-аас ямар их хараат байдгаа хангалттай мэдэрсэн. Хятадууд хилээ хаахад монголчууд худалчхан хүнд хүнсээр тасрахдаа тулсан.
Харин одоо ОХУ-аас хараат гэдгээ дахин мэдэрч байна. Оросууд газрын тосны бүтээгдэхүүнийхээ крантыг хаахад монголчууд шатахуун түгээх станцуудад очерлож, машинаа түрж алхаж байна. Тэд нийлүүлдэг цахилгааныхаа хэмжээг багасгалаа гэхэд бид лаа шүдэнз, хийн газаа базааж эхэллээ. Энэ бол монголчуудыг өрөвдөх хангалттай шалтгаан.
Хөрш орнууддаа шоглуулж, тэдний аясаар бөхөлзсөөр хэдэн арван жилийг тууллаа, энэ байдал дахиад хэдийг хүртэл үргэлжлэхийг таах ч боломжгүй.
Үнэндээ бид алтан дээр суусан гуйлгачингууд. Манай улс газрын тостой ч тэрийгээ боловсруулж чаддаггүй. Түүхийгээр нь гадагш хямд зарж, эргээд үнэтэй бэлэн бүтээгдэхүүн худалдан авдаг. Энэ нийлүүлэлтийнх нь 90 гаруй хувийг зөвхөн хойд хөрш ОХУ хангадаг.
Тэд хориг тавихад монголчууд хөл дүүжлэх унаагаа хөдөлгөж чадахгүй хэмжээнд хүрдэг. Энэ зовлон дээр дөрөөлөн “ах” нар хэрхэн шоглохоо мэднэ.
Мөн бидэнд эрчим хүчний эх үүсвэр барих боломж өчнөөн байсан. Нар, салхи, ус, нүүрсийг ашиглан эх орноо байтугай хөрш орныг эрчим хүчээр хангах хангалттай нөөц бий. Гэвч монголчууд өнөөдрийг хүртэл цахилгаан станц гэх үлгэр ярьснаас цааш хэтэрсэнгүй.
Тиймдээ ч хойноосоо шоглуулж, нийлүүлдэг эрчим хүчний хэмжээг багасгана гэсэн бичигт гомдож, одоохондоо харзнана гэсэн аманд нь баясаж сууна.
Энэ бүхний эцэст “өөртөө гомд” гэсэн үг Монголын төрд, монголчуудад яг тохирно. Улс төрөө хойш нь тавиад газрын тосны үйлдвэрээ, цахилгаан станцаа барьсан бол өнөөдөр ийм өрөвдөлтэй байдалд орж, гуйлгачин царайлахгүй байх байлаа. Арчаагүй амьдарсныхаа горыг нь амсах цаг болсон, хохь нь!
Б.Хэрлэн