Нүүрсний хулгайг илчлэх нээлттэй сонсголын хоёр дахь үе шат ирэх даваа гаригт эхэлнэ. Эхний үе шат өнгөрсөн долоо хоногт явагдаж, “жижиг” гэж нэрлэгдсэн оро нутгийн Тавантолгой ХК-д АН-ынхан хэрхэн үүрлэснийг олны өмнө илчилсэн. Ирэх долоо хоногт эхлэх сонсголд МАН-ын томчууд гэрчээр дуудагдаж, эрх баригчдын нүүр улалзах ээлж ирнэ.
Сонсголын эхний хэсэгт ч, үргэлжлэлд ч гэрчээр дуудагдсан чухал хүмүүсийн нэг нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг. Өдгөө хоригдож, шүүх хурал нь удаа дараа хойшилсоор байгаа тэрбээр нүүрсний сонсголд оролцох хүсэлтэй. Үүнийгээ ч Түр хорооны дарга Б.Энхбаярт бичгээр илэрхийлсэн удаатай. Гэвч түүнийг сонсголд гэрчээр оролцуулаагүй. Тухайн үед Түр хорооны дарга Б.Энхбаяр шүүхийн шийдвэрээр хоригдож буй яллагдагчийг сонсголд оролцуулж, Үндсэн хууль зөрчихгүй хэмээн хөдлөөгүй. Гэвч түүний байр суурь гэнэт өөрчлөгдөж, ирэх долоо хоногт эхлэх сонсголд Б.Ганхуягийг гэрчээр оролцуулж өгөхийг хүссэн албан бичгээ Чингэлтэй дүүргийн шүүх рүү явуулсан. Харин шүүхээс “Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхгүй. Шүүгчид ийм эрх хэмжээ олгогдоогүй. Өөр бусад, зохих байгууллагад нь асуудлаа тавьж, шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариу өгснөө өнөөдрийн шүүх хуралдааны үеэр мэдэгдлээ.
Ингэснээр Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулах эсэх асуудал эзэнгүй боллоо.
Түр хорооны дарга Б.Энхбаярын зүгээс нүүрсний сонсгол эхлэх үед прокурорын байгууллагад хандаж, Б.Ганхуягийг гэрчээр оролцуулахыг хүссэн. Прокурорын байгууллагаас “хэргийг хэдийнэ шүүхэд шилжүүлсэн учраас энэ асуудлыг прокурор шийдэхгүй” гэсэн хариу ирүүлсэн байдаг. Гэтэл одоо энэ асуудлыг шүүх бас шийдэхгүй гэчихлээ.
Прокурорын байгууллага “шүүх мэднэ” гэсэн бол шүүх “манай эрх хэмжээний асуудал биш” гээд зайгаа барьчихлаа.
Б.Ганхуяг гэх хувь хүн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь олон нийтийн асуудал биш. Гагцхүү төр-ард түмний өмчөөс хумсалж, хулгайлсан асуудлыг илчлэхэд түүний үг чухал үүрэгтэй.
Гэвч хэн нэгэн эсвэл хэсэг бүлэгт түүнийг сонсголд оролцуулах сонирхол алга. Төрийн байгууллагуудын албан бичгээр гөлөг төөрүүлж буй мэт цаг хожиж, эцэстээ тодорхойгүй байдалд хүргэж, олон нийтийн мэдэх эрх халдлаа. Нүүрсний сонсгол зөвхөн улстөрчдийн асуудал биш ард түмэн ч тос, усыг ялгах учиртай.
Хуулийн байгууллагын шийдвэрээр төрийн хорьж цагдах байранд байгаа хүний асуудал эцэстээ эзэнгүй болов. Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулах эсэх асуудлыг хэн шийдвэрлэх вэ?
Б.Хэрлэн