Эрх баригч МАН-ынхан хэний саналаар төрийн эрхийг барьж байгаагаа мартсан бололтой. Тэдэнд сануулах өдөр мөдхөн буюу наймхан сарын дараа ирнэ.
Иргэд аливаа асуудлаар УИХ-ын цахим системд өргөдөл оруулж, иргэдээс санал авах боломжтой болсон. Эхлэлийг тавьж УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэх өргөдлийг оруулж, гуравхан өдрийн дотор 100 мянган иргэний дэмжлэгийг авлаа. Хуулийн дагуу 100 мянган иргэний дэмжлэгийг авсан өргөдлийг УИХ-ын түвшинд ярих учиртай. Энэ дагуу УИХ-ын дарга өөрийн санаачилга, иргэдийн гарын үсгийг Төсвийн байнгын хороонд шилжүүлээд байна. Тус байнгын хороо өнгөрсөн долоо хоног уг асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өчигдөр дүгнэлтээ танилцуулахаар байсан ч хэл сураггүй таг болов. Ажлын хэсэг байгуулж, судалж байгаа нэрээр цаг авч байгаа нь тэр биз.
Учир нь иргэдэд олгох НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх саналыг МАН-ынхан анхнаас нь эсэргүүцсээр ирсэн. Сангийн сайд Б.Жавхлан “2024 оны төсөв өргөн барьсны дараа яригдсан энэ асуудлыг Засгийн газар хүлээж авахгүй” гэсэн бол МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Татварын асуудлаар иргэдийн саналыг авах нь буруу” хэмээн гөжүүдэлж, иргэдийн саналыг үл тоож байна.
Үүний дараа иргэн Шагж Хүрэлтулга нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах өргөдөл оруулж, мөн л 100 гаруй мянган иргэний дэмжлэгийг авлаа. Гэтэл энэ асуудал мөн л таг чиг, хаана ямар шатанд яваа нь тодорхойгүй. УИХ-ын даргын санаачилгыг эсэргүүцэж, гацаасан МАН-ынхан цалингаас авдаг татварыг 50 хувиар бууруулах тухай жирийн иргэний өргөдлийг тоож харахгүй нь тодорхой биз.
Гэхдээ цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй. МАН-д өнөөдөр үл тоогдсон иргэдийн санал найман сарын дараа болох УИХ-ын сонгуулиар үнэд хүрнэ. Тэр үед 100 мянган иргэний саналыг үл тоосон МАН-д ганцхан хүний санал ч үнэ цэнэтэй байх болно.
МАН-ынхан мөнхөд Монгол төрийг удирдахгүй. Тэд найман жил хаан ширээнд суусан байж болох ч дараагийн дөрвөн жил хатавчинд суухыг үгүйсгэх аргагүй. Хэрхэхийг МАН биш иргэд, сонгогчид шийднэ. Өнөөдөр саналаа үл тоолгосон 100 мянган иргэн МАН-ыг гудамжинд үлдээхэд томоохон хувь нэмэр оруулж ч магадгүй юм.
Ахмадуудыг тэтгэврийн 100 мянган төгрөгийн нэмэгдлээр худалдан авч болно. Гэхдээ цахим системээр саналаа өгөх хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй, олон нийтийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид нь залуус, хөдөлмөрийн насныхан гэдгийг мартаж болохгүй. Тэд сонгуулийн шуургыг, саналын шугамыг хааш нь эргүүлж магадгүй.
Төрийн бүх эрхийг атгаж байгаа МАН өнөөдөр иргэдийн саналыг үл тоох хэмжээний том байж болно. Тэдэнд иргэдийн санал, сонголт үнэ цэнэд хүрэх өдөр хаяанд ирснийг сануулах нь илүүц баймаар.
Б.Хэрлэн