Ногоон автобусны хэргээр нийт 25 хүнийг яллагдагчаар татан шалгаж буйгаа АТГ өчигдөр мэдээллээ. Гэхдээ нэр дурдсангүй, өөрөөр хэлбэл шалгагдаж буй хүмүүс дотор Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, хотын дарга асан Д.Сумъяабазар нар байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Гэхдээ хоёр өдрийн өмнө АТГ-ын дэд дарга Г.Азжаргал сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарыг хэргийн оролцогчоор албан ёсоор татаагүй” гэв. Тэгэхээр яллагдагч болоод байгаа 25 хүн дотор экс сайд, дарга хоёр байхгүй гэсэн үг.
Улсын төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажлыг зохион байгуулах гол хүн нь Ж.Сүхбаатар байв. Улаанбаатар хот түүхэндээ анх удаа түгжрэлийн асуудал хариуцсан сайдтай болж, нийтийн тээврийн парк шинэчлэлтэд төсвийн асар их хэмжээний хөрөнгийг ч анх удаа төсөвлөв. Гэвч сахил хүртээд шал дордоод байгаа нь өнөөдрийн нөхцөл байдал.
Хариуцлагаас зугтаж, албан үүргээ гүйцэтгэхээс зайлсхийсэн Ж.Сүхбаатар автобус худалдан авах эрхийг хотын дарга Д.Сумъяабазар руу шилжүүлж. Ингэж асуудлыг өөрөөсөө зайлууллаа гээд гэмгүй үлдэнэ гэсэн ойлголт байхгүй, сайд гэсэн ямбыг нь эдэлсэн бол ялыг нь ч үүрэх л ёстой.
Ж.Сүхбаатарын өөрөөсөө холдуулсан төсөв Д.Сумъяабазар дээр ирээд бүр замхарч, өнөөдөр эрүүгийн хэргийн үндэс суурь болчихоод байна. Д.Сумъяабазарын гарын үсэгтэй захирамжаар явагдсан энэ худалдан авах ажиллагаа сайд, дарга нар төсвийн хөрөнгөнд ямар хайнга ханддагийн бодит жишээ. Улаанбаатар хотын ажил, асуудлыг зохицуулах, шийдвэрлэх үүрэгтэй Д.Сумъяабазар албаа ухамсарлаж, төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих үүргээ биелүүлсэн бол өнөөдөр нийслэлчүүд хөл дүүжлэх унаатай байх байлаа.
Өвлийн хүйтэн хаяанд ирчихээд байхад нийслэлчүүд автобусны буудал дээр багшралдан, жиндэж зогсоо нь Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын буруу. Тэднийг сайдын, хотын даргын албанаас буулгасан төдийгөөр өнгөрөөх ёсгүй. Тэд хуулийн хяналт шалгалтад ч хамрагдаж, хариуцлага хүлээх учиртай. Ёсзүй нэртэй худал баг зүүж, хариуцлага хүлээсэн нэрээр албан тушаалын сандлаас бууснаар асуудал дарагдах ёсгүй.
Ногоон автобусны худалдан авалт бол нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, автобус компани, нийлүүлэгч талын хэдхэн хүн буруутан болж, хуулийн хариуцлага хүлээгээд өнгөрөх асуудал биш. Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар ажилдаа эзэн болж, хууль хэрэгжүүлсэн бол энэ 25 хүн ч яллагдагч гэсэн нэр зүүхгүй байх байлаа.
Захиалагч нь үлдэж, гүйцэтгэгч нь шоронд ороод байвал Ногоон автобусны асуудал дахин давтагдаж, төсвийн хөрөнгө хийссээр байна. Хөлгүй байсан ч толгой ажиллаж, төрийн суудал руу дахин мацах нь тодорхой.
Б.Хэрлэн