Улаанбаатар хотод такси барихад хялбархан. Хаана ч гараа өргөсөн хөл дүүжлэх унаа зогсоно. Гэхдээ барихад хялбархан шигээ аюулгүй байдал нь амар биш. Учир нь Улаанбаатарын такси нэртнүүд бүгд халтуурчид. Тэд ямар ч бүртгэлгүй, хэнд ч хянагддаггүй.
Улаанбаатар хот сая гаруй хүн амтай, дэлхийн метрополис хотуудын нэг. Ийм хотод такси хэдийнэ цэгцэрсэн, албан ёсны үйлчилгээ байх ёстой. Гэтэл Улаанбаатар халтуурчдаа дийлэхгүй, такси нэртэй үйлчилгээ нь эцэстээ гэмт хэргийн үүр уурхай боллоо. Улсын дугааргүй такси гэх халтуурчид хаа сайгүй сэлгүүцэн, орой үдшийн цагаар охидыг ангуучилж, бие сэтгэл, амь насанд нь арилшгүй хар толбо үлдээж байна. Энэ аймшигтай, түгшүүртэй халтуурчдыг хэзээ журамлах вэ?!
Хотын гудамж талбайд гар өргөж, такси барьсан хүн бүр тэр дундаа эмэгтэйчүүд ямар нэг эрсдэлтэй нүүр тулгарсан гэдэгт эргэлзэхгүй байна. Наанадаж л халтуурчин илүү мөнгө нэхнэ. Эсэргүүцэл үзүүлбэл элдвээр хараан, гичий, янхнаар дуудаж, “алчихна шүү” хэмээн заналхийлэх нь энүүхэнд.
Мөнгө төлж авсан үйлчилгээ маань эцэстээ айдас түгшүүрт автуулж, амьд мэнд салахыг л хүснэ. Ийм байдал хэдэн арван жил үргэлжилж, өнөөдөр ч байсаар л байна. Сүүлийн таван жилд такси нэртэй 60 халтуурчин үйлчлүүлэгчээ хүчиндсэн гэх тоон мэдээлэл байна. Бид хохирогчийг тоолж сууснаас өөр юу ч хийсэнгүй.
Одоо яах вэ? Такси нэртэй халтуурчид хотын гудамж замаар чөлөөтэй сэлгүүцэж, түгжрэл, зам тээврийн ослын шалтгаан болоод зогсохгүй гэмт хэргийн үндэс суурь боллоо. Ийм байдлыг цаашид хэдэн жил үргэлжлүүлж, хичнээн охидын эрүүл мэнд, сэтгэлзүй, амь насаар тахил өргөх вэ?
Монголын төр мэдрэмжтэй, хурдтай хийгээд хууль үйлчилдэг байсан бол энэ том асуудал биш. Таксины албан ёсны үйлчилгээг дэмжээд өгөхөд халтуурчид аяндаа шахагдана. Дэлхийн том хотуудад Uber гэх үйлчилгээ бий. Хэн ч гудамжинд гар өргөж зогсохгүй, цахим систем ашиглаад албан ёсны, аюулгүй таксиг дуудах боломжтой. Жолооч болоод зорчигчийн мэдээлэл нээлттэй, машины дугаар ил тод. Хаана явж байгаа нь системийн хяналттай. Манайд UbCab байгаа ч хангалттай биш, такси олдохоос олдохгүй нь их.
Халтуурчин нь албан ёсны такси үйлчилгээг шахаж дампууруулдаг биш албан ёсны үйлчилгээ нь халтуурчдыг шахах нөхцөлийг бүрдүүлээд өгөөч. Хүрэлцээ нь хангалттай болчихвол иргэд ч аюулгүй үйлчилгээг л сонгоно. Хэн ч мөнгө төлж, эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавихыг хүсэхгүй.
Б.Хэрлэн