Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд амссан, ууснаас үл шалтгаалан 1-5 жилийн ял оноох шийтгэлийг Эрүүгийн хуульд оруулахаар боллоо. Өмнө нь торгоод өнгөрдөг байсан бол хуульд өөрчлөлт орсноор согтуу жолооч шууд ялтан болно гэсэн үг. Хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, намын бүлгүүд гар өргөн дэмжиж, УИХ-д оруулахаар болов. УИХ ногоон гэрлээр батлах нь тодорхой.
Эрүүгийн хуулийн энэ өөрчлөлт нийгмийн захиалга гэж хэлж болно. Таван цагийн дотор 500 согтуу жолооч илэрдэг хотод энэ хууль зайлшгүй шаардлагатай. Согтуу жолооч бол хутга бариад явж буй алуурчнаас ялгаагүй. Өөрийн ухаангүй архидан согтуурсан нэгэн хичнээн хүний эрүүл мэнд, амь насаар тоглож, хичнээн гэр бүлийг өнчрүүлснийг тоолоод барашгүй. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр энэ бол жинхэнэ аюулын харанга.
Тиймдээ ч энэ асуудлыг эрүүгийн хуульд оруулж, ялтай гэмт хэрэг болгох нь хүний амь нас аварсантай адил үйл хэрэг.
Гэтэл нөгөө талд “Шорон хоригдлоор дүүрнэ” , “Монгол шоронжсон улс болно” гэхчлэнгээр яриад эхэлжээ. Тэгвэл асууя, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолоо барихгүй байж болохгүй юу?! Согтуу атлаа заавал жолоо барьж, өөрийн болоод өрөөлийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэх ёстой юу? Архи уучихаад жолоо барьдаг хүмүүсийг хамгаалах өөр арга алга уу?
Шоронг согтуу жолоочоор дүүргэхгүй байх өчнөөн арга байна. Хоригдол гэсэн нэр зүүж, ялтан гэсэн бүртгэлтэй болохыг хүсэхгүй л байгаа бол согтуугаар жолоо барихаа л больчих. Дуудлагын жолооч, такси дуудах зэргээр архи амссан л бол жолоо атгахгүй байх асар олон сонголт байна. Тун энгийн бас амархан. Өөрөө ч, өрөөлийн эрүүл мэнд, амь нас ч бүрэн бүтний дээр хоригдол, ялтан гэсэн нэргүй, бүртгэлгүй.
Уг нь архи амссан л бол жолоо барьж болохгүйг, асар их эрсдэлтэйг нь хүн бүхэн мэднэ. Зарим нь эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө төлөөсийг нь төлсөн байгаа. Өөрөөр хэлбэл хуульчлаад байх шаардлагагүй л асуудал. Гэвч энэ асуудлыг монголчуудын ухамсарт даатгаад орхиж болсонгүй. Өдөр, шөнийн ялгаагүй зам дээр согтуу жолооч нар заналхийлж, хэн бүхэнд амьд явах баталгаа олдохгүй байгаа учраас хуульд оруулж, ял төлөвлөхөөс өөр арга үлдсэнгүй.
Архи уухыг хэн ч хориглоогүй. Гагцхүү архи амссан л бол жолоо атгаж болохгүй. Эс бөгөөс хоригдол болж, бүх насаараа ялын бүртгэлтэй болох болно.
Б.Хэрлэн